БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Украинд гэнэтийн айлчлал хийжээ

2023-07-17 09:23

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль бямба гарагт Украинд гэнэтийн айлчлал хийлээ. Юн Сог Ёль, тэргүүн хатагтай Ким Кеон Хи нар бямба гаргийн өглөө Польшоос Украинд хүрэлцэн ирсэн гэж түүний хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах нарийн бичгийн дарга Ким Юн Хэ мэдээлжээ.

Юн Сог Ёль Киевийн ойролцоох Буча хотод энгийн иргэдийг олноор нь хөнөөсөн газарт очсоны байна. Дараа нь тэрбээр пуужингийн довтолгоонд ихээр өртсөн Ирпень хэмээх орон сууцны дүүрэгт очжээ.

Юн Сог Ёль Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсаныхаа дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ын хууль бус түрэмгийлэлд амь үрэгдсэн Украины ард иргэдийн дурсгалыг хүндэтгэн гүн эмгэнэл илэрхийлээд, түүний айлчлал нь тэмцэж буй ард түмэнд эрч хүч өгнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Уулзалтын үеэр Юн Сог Ёль, В.Зеленский нар "Украины энх тайван, эв нэгдлийн санаачилга" гэж нэрлэсэн, аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбарт болон сэргээн босголтын үйл явцад багц тусламжийг үзүүлэхээр тохиролцжээ. Энэхүү тусламжийн багцад өнгөрсөн жилийнхээс илүү өргөн цар хүрээтэй цэргийн нэмэлт хангамж, мөн 50 сая ам.доллароор илүү буюу 150 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж багтаж байгаа аж.

БНСУ-ын Ерөнхийлөгч НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Литвад, дараа нь Польшид хийсэн албан ёсны айлчлалынхаа дараа Украинд айлчилжээ.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх