ПЁНЬЯН, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /Kyodo/. Энэ оны эхээр цэргийн тагнуулын хиймэл дагуулыг хоёр удаа амжилтгүй хөөргөсөн Умард Солонгос хиймэл дагуул тээгч пуужинг ес хоногийн дотор хөөргөх төлөвлөгөөгөө Японы талд мэдэгдсэн тухай тус улсын Засгийн газар мягмар гарагт мэдээлэв.
Японы эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр, хөөргөх хугацаа 11 дүгээр сарын 22-ны 12:01 цагаас 30-ны өдрийн 23:59 цагийн хооронд үргэлжилнэ.
Ерөнхий сайд Кишида Фүмио төлөвлөгөөг цуцлах талаар Пёньянтай хэлэлцээ хийх чиглэлд АНУ, Өмнөд Солонгосын талтай хамтран ажиллахыг Засгийн газартаа үүрэг болгосон гэж түүний албанаас мэдээлжээ.
“Умард Солонгос баллистик пуужингийн технологи ашигласан тохиолдолд энэ нь хиймэл дагуул хөөргөх зорилготой байсан эсэхээсээ үл хамааран НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн үйлдэл болно” гэж К.Фүмио сэтгүүлчдэд хэлсэн байна.
Тэдгээр тогтоолд Умард Солонгосыг баллистик пуужингийн технологи ашигласан аливаа үйл ажиллагаа, түүний дотор хиймэл дагуулыг пуужингаар сансарт хөөргөх оролдлого хийхийг хориглосон байдаг.
Хиймэл дагуулыг хөөргөх талаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийхэд Япон улс бүх хүчин чадлаа дайчлах болно гэж Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн байна.
Японы эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр, Пёньяны мэдэгдэлд пуужингийн үлдэгдэл унах магадлалтай далайн аюулын гурван бүсийг тогтоосон байсан нь Солонгосын хойгийн баруун хэсэгт хоёр, мөн Филиппиний Лузон арлын зүүн хэсэгт байжээ.
Умард Солонгос энэ оны тав, наймдугаар сард цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөсөн боловч амжилтгүй болсон юм. Улмаар 10 дугаар сард дахин хөөргөх оролдлого хийхээ мэдэгдсэн боловч өнгөрсөн сард ийм хөөргөлт болоогүй юм.
Өнгөрсөн ням гарагт Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Шин Вон Сик телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ, Умард Солонгос 11 дүгээр сарын сүүл гэхэд цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөж магадгүй хэмээн ярьжээ.
Мягмар гарагт К.Фүмио Засгийн газрын холбогдох яам, агентлагуудад хиймэл дагуул хөөргөж болзошгүй нөхцөл байдалд бүрэн бэлтгэхийг үүрэг болгосон гэж Ерөнхий сайдын албанаас мэдээлсэн байна.