Коронавирус цар тахлаас урьдчилсан сэргийлэх ажлын хүрээнд манай улс хилээ хааж, дотооддоо хөл хорионы хязгаарлалт тогтоогоод буй. Тэгвэл энэ үеэр гаднын улс оронд түр хугацаанд зорчиж явсан манай улсын зарим иргэд эх орондоо ирэх боломжгүй болж, гацаад байна. Тэдний нөхцөл байдал нэлээдгүй хүндэрч байгаа талаар сошиал орчинд мэдээлэл гарсаар байна.
Тухайлбал, АНУ-ын нийслэл Вашингтон хотод хэсэг Монгол иргэд нийлж, лоозон барьж суулт хийсэн байна. Тэд “виза дууссан, мөнгө, оронгүй байргүй болсон. Эх орондоо буцахын тулд 4 сар хүлээлээ” зэрэг лоозон барьжээ.
Мөн өчигдөр Японд буй иргэд “Хачико” хэмээх нохойны хөшөөний хажууд жагсаал хийн тус улсад буй Элчин сайдын яаманд мэдэгдэл хүргүүлсэн байна. БНСУ-аас иргэдээ авж буйтай холбоотойгоор Солонгос улсад буй иргэд ч мөн “Инчон” олон улсын нисэх буудалд суулт зарласан боловч тэднийг цагдаагийн байгууллагынхан саатуулсан юм.
Ямартай ч гадаадад гацсан иргэд Монгол улсыг хилээ нээтэл тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдсээр байгаа бол бусад улс орнуудад байгаа манай улсын иргэд ч энэхүү тэмцэлд нэгдэн орсоор байна.
Эх сурвалж:Isee.mn