Өмнөд Солонгосын энтертайнмэнт салбарын томоохон төлөөлөгчид Оскарын шагналт “Parasite” киноны гол дүрийн жүжигчин И Сүн Кюний үхлийн шалтгааныг нарийвчлан шалгахыг эрх баригчдаас шаарджээ.
Баасан гарагт Сөүл хотын төвд болсон хэвлэлийн хуралд “Parasite” киноны найруулагч Бон Жун Хо, дуучин, хөгжмийн зохиолч Юүн Жон Шин, кино продюсер Жан Вон Сок зэрэг алдартнууд оролцсон байна.
“Эрх баригчид мөрдөн байцаалтыг хуулийн дагуу явуулсан гэсэн ганцхан мэдэгдэл нь тэднийг бүх хариуцлагаас чөлөөлөхгүй. Мөрдөн байцаалтын аливаа буруу үйл ажиллагааг засаж залруулах, дахин ийм хохирогч гаргуулахгүй байх цорын ганц арга зам бол болсон үйл явдлыг нарийвчлан судлах юм” гэж найруулагч Бон мэдэгджээ.
Үүнтэй зэрэгцэн Бусаны олон улсын кино наадам, Солонгосын найруулагчдын эвлэл, Солонгосын жүжгийн продакшны холбоо зэрэг 29 байгууллага хувь уран бүтээлчидтэй хамтран “Соёл Урлагийн Зүтгэлтнүүд” үйлдвэрчний эвлэлийг байгуулж буйг зарласан юм.
Уг эвлэл дээрх хэвлэлийн хурлыг зохион байгуулсан өдөр бас жүжигчин И Сүн Кюний хар тамхитай холбоотой хэргийг мөрдөх явцад ямар нэг алдаа зөрчил гарсан эсэхийг шалгахыг эрх баригчдаас шаарджээ.
Энэ мэдэгдэлд хэвлэл мэдээллийн байгууллагуудаас жүжигчний үхэлтэй холбоотой үндэслэлгүй мэдээлэл цацахаа зогсоохыг шаардаж, засгийн газарт одоогийн хуулийг боловсронгуй болгон дахин ийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулахыг уриалсан байна.
“Мөрдөн байцаалтын явцын талаарх дотоод мэдээлэл алдагдсанаас хойш жүжигчнийг нас барах хүртэл хоёр сарын хугацаанд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ямар нэг алдаа зөрчил гарсан эсэхийг нягтлан шалгахыг бид уриалж байна. Ялангуяа KBS сувгийн арваннэгдүгээр сарын 24-нд цацсан тусгай сурвалжилгын цаад нөхцөл байдал, сэдлийг нарийвчлан шалгахад онцгой анхаарал хандуулмаар байна. Уг сурвалжилгад Шүүхийн Шинжилгээний Үндэсний Албаны нарийвчилсан дүгнэлт, материалыг задруулах болсон зорилго, нөхцөл байдлыг шалгах хэрэгтэй” гэж Бон Жун Хо найруулагч ярьжээ.
“Parasite” киноны гол дүрээр дэлхий дахинд алдаршсан жүжигчин арванхоёрдугаар сарын 27-ны өдөр амиа хорлосныг цагдаа нар олсон юм.
Тэрбээр өнгөрсөн оны эхнээс хойш хар тамхины төрлийн бодис хэд хэдэн удаа хэрэглэсэн хэрэгт шалгагдаж байжээ. И Сүн Кюн өөрөө үүнийг няцааж байв.
Өнгөрсөн оны аравдугаар сард түүний хэргийн шалгалтын талаар янз бүрийн мэдээллүүд хэвлэлээр цацагдаж эхэлжээ.
Сүүлд KBS телевиз тусгай сурвалжилгаараа жүжигчин И болон түүнтэй хамт хар тамхи хэрэглэсэн хэмээн буруутгагдаж байсан баарны ажилтан эмэгтэй хоёрын ярианы бичлэгийг цацсан нь олны анхаарлыг маш их татсан юм.
Эх сурвалж: Korea Times