Хойд Солонгосын төв телевиз буюу KCTV Их Британийн BBC телевизийн “Garden Secrets” гэх шоу нэвтрүүлгийг үзэгчдэдээ хүргэжээ. Ингэхдээ Garden Secrets” шоу нэвтрүүлгийн хөтлөгч Алан Титчмаршийн өмссөн жинсэн өмдийг бүдгэрүүлж харуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулсан байна.
Хойд Солонгос улсад үзэл суртлын хараа хяналт маш хатуу, иргэддээ бусад улсын соёлыг дуурайхгүй байхыг анхааруулдаг ч жинсэн өмдийг одоог хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж, Хойд Солонгосчууд жинсэн өмдийг Америкийн империализмын бэлгэдэл гэж үздэг нь хэвээр байгааг баталжээ.
Харин энэ талаар мэдсэн хөтлөгч Титчмарш “Би өөрийгөө хэзээ ч аюултай хорлон сүйтгэгч, империалист гэж харж байгаагүй. Намайг ерөнхийдөө хор хөнөөлгүй, энгийн нэгэн гэж хүмүүс үздэг. Жинсэн өмд биед тухтай, амар байдаг” гэж мэдэгдсэн байна. “Хөх жинс бол өрнөдийн соёлын бэлгэдэл болдог бөгөөд 1990-ээд онд тухайн үеийн удирдагч Ким Жон Ил нийгмээ жинсэн өмднөөс ангижруулах тушаалыг албаны хүмүүстээ өгч байсан юм. Ийм үзэл суртлын хориг 2020 оноос хойш дахин эрчимжсэн” гэж Өмнөд Солонгосын Сэжон Хүрээлэнгийн судлаач Питер Вард ярьжээ.
Эх сурвалж: Daily Express