Тамхинаас гарснаас хойш 3-5 жилийн дараа эрүүлждэг

2020-06-27 11:26

Манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу 27 хувь нь тамхи татдаг. Тамхины хайрцаг дээрх “Тамхи таны эрүүл мэндэд хортой” гэсэн сануулгатай аймшигтай зургийг харсан ч татсаар байдаг нь донтолт юм. Тамхины найрлагад ордог никотин нь хүнийг донтуулах үйлчилгээтэй тул та хортой гэдгийг мэдсэн ч татсаар байдгийн учир энэ. Нэг ширхэг янжуурт 0.1-1.5 мг никотин агуулагддаг. 60 мг никотин насанд хүрсэн хүнийг хордуулж амь насыг нь хөнөөх аюултай.

Никотин нь тамхи татахад утаагаар дамжин цусанд тархаж тархинд очоод эхлээд сэтгэл санааг сэргээх мэт үйлдэл үзүүлдэг. Ийн сэргээх болон тайвшрах мэт үйлдэл үзүүлдэг нь хүнийг донтоход нөлөөлдөг талаар Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Ц.Жавзан-Орлом зөвлөж байна. Монгол эрчүүд тамхи их татдаг бөгөөд эмэгтэйчүүдээс богино насалдгийн гол шалтгаан нь энэ болж байна. Өөрөөр хэлбэл, тамхины донтолттой эрчүүдийн дундаж наслалт 52 байгаа юм. 

Амьсгалын замын өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн 80 гаруй хувь нь тамхичин ээж аавын хүүхдүүд байдаг болох нь батлагдсан байна.

Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судасны өвчин. Зүрх судасны тогтолцоонд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн хамгийн эхэнд тамхидалт ордог байна. Ихэнх эрчүүд энэ өвчнөөр нас барах нь олонтаа тохиолддог аж. Гэхдээ тамхи бол өөрчилж болох эрсдэлт хүчин зүйл. Тамхинаас гарснаар зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх төдийгүй эмчилгээ болдог байна. Тухайлбал, тамхинаас гараад нэг жил болоход зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл 50 хувь буурч, 3-5 жилийн дараа эрүүлждэг болохыг тогтоосон байна.

Харин эмэгтэйчүүд тамхи тураадаг гэсэн буруу ойлголтоос болж их татаж байгаа нь ажиглагддаг. Гэтэл судалгаагаар тамхи татах нь эмэгтэй хүний бие организмд эрчүүдийнхээс илүү хортой байдаг аж. Тамхичин эмэгтэйчүүдийн бие организмд хөгшрөлтийн үйл явц хурдтай явагддаг. Мөн төрөлтийн хувьд ямар нэгэн хүндрэл дагуулах магадлалтай байдаг байна. Тамхичин аав ээжийн хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр өвдөх нь их ажээ. 

Амьсгалын замын өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн 80 гаруй хувь нь тамхичин ээж аавын хүүхдүүд байдаг болох нь батлагдсан байна. Иймд тамхи татах нь гэр бүлийн бүх гишүүнийг эмгэнэлт байдалд оруулж болох хор хөнөөлтэй. 

Н.Даян
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх