УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуулаа. Шинэ УИХ-ын анхдугаар чуулган, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг томилох асуудал холбогдох хуулиудын хүрээнд хэрхэн явагдахыг дор өгүүлье.
УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээр:
- МАН- 62
- АН-11
- Та бидний эвсэл- 1
- Зөв хүн электорат-1
- Бие даагч-1 санал авсныг СЕХ-ноос албан ёсоор зарлаж, 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсоныг шийдвэрлэн тогтоол гаргалаа.
УИХ-ын гишүүний үнэмлэхийг энэ сарын 29-ний өдөр гардуулсны дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74.4-т заасны дагуу ээлжит сонгуулийн дүнг холбогдох шийдвэрийн хамт УИХ-д даргад даваа гарагийн 12.00 цагт өргөн мэдүүлнэ. Үүний дараа сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх юм.
ШИНЭ ПАРЛАМЕНТЫН АНХДУГААР ЧУУЛГАНЫГ ХАМГИЙН АХМАД ГИШҮҮН Х.БАДЕЛХАН ДАРГАЛНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар шинэ Парламентын анхдугаар чуулганы товыг Ерөнхийлөгчийн зарлигаар зарлах ба Төрийн тэргүүн Анхдугаар чуулганыг нээн үг хэлж, СЕХ-ноос ирүүлсэн УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг танилцуулсны дараа Нэгдсэн чуулганы танхимд УИХ-ын шинэ гишүүд тангараг өргөнө.
УИХ-ын анхдугаар чуулганы товыг Ерөнхийлөгчийн зарлигаар гаргаж, Ерөнхийлөгч нээнэ.
Шинэ Парламентын анхдугаар чуулганыг тухайн Парламентын хамгийн ахмад гишүүн даргална хэмээн хуульчилсан. Шинээр байгуулагдах Парламентын гишүүдийн хамгийн ахмад нь Баян-Өлгий аймгийн 2-р тойргоос сонгогдсон 66 настай БХБ-ын сайд Х.Баделхан бөгөөд түүнд анхдугаар чуулганыг даргалах үүрэг ногдож байна.
Сонгуулийн дүнгээр УИХ-д 39 ба түүнээс дээш суудал авсан олонхийн бүлэг УИХ-ын дарга, Дэд даргыг нэр дэвшүүлэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу УИХ-ын даргын албан тушаалд нэр дэвшигчийн асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Санал хураалтыг ил явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан бол түүнийг Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд тооцно.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДӨРВӨӨС ИЛҮҮГҮЙ ГИШҮҮН УИХ-ЫН ГИШҮҮНИЙ АЛБЫГ ХАВСАРЧ БОЛНО
УИХ-ын анхдугаар чуулганаар УИХ-ын дарга сонгогдсон бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхоороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, зөвшилцөнө. Ерөнхийлөгч хүлээж авснаас хойш 5 хоногийн дотор УИХ-д оруулна гэж Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан байна.
Ерөнхийлөгчийн тухай хуульд: УИХ дахь олонхийн бүлэг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, зөвшилцөнө. Ерөнхийлөгч хүлээж авснаас хойш 5 хоногийн дотор УИХ-д оруулна гэж заажээ.
2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр:
Үндсэн хуулийн 39-р зүйлийн:
1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
2.Улсын Их Хуралд олонхийн суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
3.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө хэмээн заасан байна.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18-р зүйлийн:
2.Монгол Улсын яамыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хэлэлцэн хуулиар байгуулж, татан буулгана.
3.Засгийн газрын бүтцэд доор дурдсан яам ажиллана:
Ерөнхий чиг үүргийн:
1/Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
2/Батлан хамгаалахын яам;
3/Гадаад харилцааны яам;
4/Сангийн яам;
5/Хууль зүй, дотоод хэргийн яам;
6/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
7/Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам;
/Энэ дэд заалтыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
Чиглэлийн:
7/Барилга, хот байгуулалтын яам;
8/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам;
9/Зам, тээврийн хөгжлийн яам;
10/Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам;
11/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
12/Эрчим хүчний яам;
13/Эрүүл мэндийн яам.
4.Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна.