Дэлхийн томоохон компаниуд Фейсбүүкт зар сурталчилгаагаа байршуулахаас татгалзав

2020-07-03 10:45

Америкийн хэд хэдэн иргэний нийгмийн байгууллагын хамтран эхлүүлсэн “Stop Hate For Profit” хөдөлгөөн хүрээгээ тэлж, фэйсбүүк дээрээ зар сурталчилгаа явуулдаг 240 гаруй компанийг эгнээндээ нэгтгээд байна.

Фэйсбүүк компани сүүлийн үед хуурамч мэдээлэл, үзэн ядсан үг хэллэг бүхий сэтгэгдэл, контентын эсрэг дорвитой алхам хийхгүй байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.

Үүнтэй холбогдуулан Өнгөт Арьстнуудыг Дэмжих Үндэсний Холбоо, Гүтгэн Доромжлох Явдлын Эсрэг Нэгдэл зэрэг хэд хэдэн иргэний нийгмийн байгууллага нэгдэж, долоодугаар сарын турш Фэйсбүүкийн эсрэг бойкот зарлахыг уриалж эхэлжээ. Тэгвэл уг бойкотод одоогоор Адидас, Кока Кола, Форд, Пума, Юнилевер, Хонда, Старбакс тэргүүтэй 242 компани, брэнд нэгдэж фэйсбүүк дээр зар сурталчилгаагаа зогсоох болон хязгаарлахаа мэдэгдээд байна. The Guardian сониноос мэдээлснээр, фэйсбүүк платформд зар сурталчилгаагаа тавьдаг компаниудын гуравны нэг нь бүтэн сарын турш үргэлжлэх тус бойкотод нэгдэх магадлалтай байна гэжээ.

Гэхдээ фэйсбүүкийн зар сурталчилгаанд хамгийн их мөнгө зарцуулдаг 25 компаниас одоогоор Майкрософт, Старбакс, Pfizer гурав л зар сурталчилгаагаа түр зогсоохоо мэдэгдээд байгаа юм. Харин Воллмарт, Американ Экспресс, Нетфликс зэрэг бусад томоохон компаниудын ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Бойкоттой холбогдуулан Фэйсбүүк компанийн хэвлэлийн төлөөлөгч Том Канник "Бид энэ асуудлыг нухацтай судалж, хамтрагч байгууллагуудаас ирсэн саналыг хүндэтгэх болно. Мөн бид фэйсбүүкт цацагдаж байгаа үзсэн ядсан үг хэллэгтэй контентыг зогсоох тал дээр бодит ахиц дэвшил гаргаж байгаа бөгөөд компани ийм төрлийн контентоор дамжуулж ашиг олдоггүй" гэж мэдэгджээ.

Дашрамд дурдахад, Фэйсбүүк компани өнгөрсөн жил зар сурталчилгаанаас 70 тэрбум долларын орлого олсон бөгөөд энэ орлогын дийлэнх нь жижиг, дунд бизнес эрхлэгчдээс орж иржээ. Харин зар сурталчилгаанд хамгийн их мөнгө зарцуулдаг 25 компани Фэйсбүүк компанийн зар сурталчилгааны орлогын ойролцоогоор 3 хувийг бүрдүүлдэг аж.

Бойкотод нэгдсэн зарим томоохон компаниуд 2019 онд фэйсбүүкийн зар сурталчилгаанд хэр их мөнгө зарцуулсныг үзвэл:

  1. Coca-Cola - 22.1 сая доллар
  2. Adidas болон Reebok - 12.4 сая доллар
  3. Consumer Reports - 13.6 сая доллар
  4. Ford - 20 сая доллар
  5. Hershey’s - 36.5 сая доллар
  6. HP - 24.7 сая доллар
  7. Best Buy - 29 сая доллар
  8. Diageo - 22.9 сая доллар
  9. CVS Health - 34.5 сая доллар
  10. Dunkin’ - 15.6 сая доллар
  11. The Clorox Company - 8.9 сая доллар
  12. Boston Beer Company - 2.1 сая доллар
  13. Campbell Soup Company - 4.6 сая доллар
  14. Chipotle - 6.1 сая доллар
  15. Chipotle - 1.6 сая доллар
  16. Birchbox - 947,100 доллар
  17. Aviva - 30,700 доллар тус тус зарцуулжээ.

Эх сурвалж: CNN

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх