БНСУ-д суралцаж, амьдардаг 26 настай А.Гантөмөр гэх залууг нутаг нэгт дөрвөн залуу бүлэглэн зодож хүнд гэмтээсэн талаар өмнө нь мэдээлсэн. Зодуулсан залуугийн биеийн байдал хүнд, Сөүлийн их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж, дөрөв хоногийн турш ухаан оролгүй байсаар өчигдөр /2020.07.09/ нас барсан байна.
Тэгвэл талийгаач А.Гантөмөрийн хамаатны ах Л.Баярсайхан Өдрийн сонины өнөөдрийн дугаарт ярилцлага өгсөн байна. Тэрээр “Талийгаач маань Солонгост гэрээгээр ажиллаад дөрвөн жил болсон. Цагаан сарын өмнө буюу коронавирус дэгдэхээс өмнө визийн хугацаа нь дууссан. Тэгээд хил хаасны улмаас наашаа эх орондоо ирж чадахгүй байсан.
Зургадугаар сарын 15-нд буцна гээд онгоцныхоо тийзийг авчихсан. Гэтэл залуу хүн болохоор шалгуурыг нь хангахгүй хүлээлтийн горимд байсан хүүхэд байгаа юм.
Миний дуулснаар тухайн өдөр Сөүл хотод амьдардаг монголчууд шоу зохион байгуулж. Ингээд шоу дууссаны дараа метро хүлээгээд хэсэг бүлгээрээ дэлгүүрийн сандал дээр суугаад хоол цай уух нь ууцгааж. Манай хүн болохоор нэг найз хоёр эмэгтэйтэй дөрвүүлээ байсан юм байна. Мэдээж шоунд очсон хүмүүс их бага хэмжээгээр юм уусан байх. Метро хүлээх хооронд манай хүн хажууд байсан хүнтэйгээ маргалдсан гэдэг. Ингэж л зодоон үүссэн бололтой. Нэг нь дүүг маань цохиж унагаагаад ухаан алдаад унахаар нь нөгөөдүүл нь дээрээс нь асаад дөрвүүлээ хүч нэмээд зодчихсон" гэжээ.
Мөн тэрээр "Талийгаачийн эмчилгээний төлбөрийг ч төлж чадахгүй хүнд байдалд орчиход байна. Хүлээн авахад гурав хоноход төлбөр нь 15 сая 900 вон буюу 40 сая орчим төгрөг болсон. Бид энэ төлбөрийн талыг нь олж явуулсан. Одоо эрчимтэд бас эмчлүүлсэн эмчилгээний төлбөр гээд нийтдээ 30 гаруй сая төгрөг төлөх ёстой. Бид яахаа мэдэхгүй мөнгө төгрөг хайгаад л явж байна. Төрсөн ах А.Ганзориг гээд хүн дээр хандивын данс нээгдсэн байгаа. Тиймээс сайхан сэтгэлт монголчууд та бүхнээсээ тусламжийн гараа сунгаж бидэнд туслаач гэж хэлмээр байна” гэжээ.
Талийгаачийн ахтай 95363035, 99357310 дугаарт холбогдож болох юм байна. Мөн хандивын данс Алтанхундага Ганзориг /төрсөн ахынх нь данс Хаан банк 5039157441/
Эх сурвалж:iSee.mn - Үнэнийг мэдээлнэ