ТАХЛЫН ҮЕИЙН ХАРЬД ХАЯГДСАН МОНГОЛЧУУД ЖАГСАЖ БАЙНА
Европын 10 гаруй улсад гацсан 2500 гаруй иргэд эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлж ээлж дараалан жагсаал цуглаан зохион байгуулсаар байна. Тодруулбал, Англи, Ирланд, Унгер, Герман, Франц, Латви, Швед зэрэг орнууд багтаж байна. Эдгээрээс Бүгд Найрамдах Ирланд Улс (БНИУ) дахь жагсаалаас бэлтгэсэн мэдээллийгонцлон хүргэе.
Сургуулиа төгссөн оюутан залуус болон түр хугацаагаар зочлох визтэй очсон иргэд хил хааснаас хойш нийт 5 сарын хугацаанд тус улсад гацаад байна
БНИУ-аас эх орондоо буцах хүсэлтээ иргэд нэгдэж “Ирландаас ярьж байна” тайван жагсаалыг тус улсын нийслэл Дублин хотын төв талбайд зохион байгууллаа. Энэ ч үүднээс сургуулиа төгссөн оюутан залуус болон түр хугацаагаар зочлох визтэй очсон иргэд хил хааснаас хойш нийт 5 сарын хугацаанд тус улсад гацаад байгаа юм. Энэ хугацаанд тус улсаас нийтдээ 10 иргэн тусгай үүргийн онгоцоор эх орондоо буцсан байна.
Харин Ирланд улсаас монгол буцах хүсэлтэй иргэд фэйсбүүк групп байгуулж нэгдсэнээр өнөөдөр ийнхүү тайван жагсаалыг зохион байгууллаа. Зохион байгуулагчдын зүгээс тус улсаас чартер нислэгт хамрагдах иргэдийн тоо бага байгаад бухимдалтай байгаа бөгөөд энэхүү тайван жагсаалаараа тэд Европ руу үйлдэх нислэгийн тоогоо нэмэгдүүлэх мөн чартер нислэгийн үнийг хямдруулах болон бусад шаардлагуудыг холбогдох байгууллагуудад хүргэхийг зорьжээ. Жагсаалд оролцогч зарим иргэдийн яриаг хүргэе.
Иргэн Д.Очгэрэл:
Би нэгдүгээр сарын 9-нд Ирланд улсад түр хугацааны зочилох визатэй ирсэн. Өнөөдрийг хүртэл өөрийнхөө дансыг хоослоод өрөөлийн данс руу орон аргацааж байна. Миний хувьд санхүү болон эрүүл мэндийн асуудалтай, богино хугацааны виз дууссан гээд нутаг буцах хүсэлтээ гаргаж чартер нислэгт багтахаар холбогдоогүй, хүсэлт гаргаагүй газар үнэндээ алга. Иргэд чинь туйлдаж байна. Монгол төр гадаадад олон сар гацсан иргэдийнхээ санхүүгийн дарамтаас хуваалцахыг шаардаж байна.
Иргэн Б.Болд-Эрдэнэ:
Европын 10 гаруй улсад гацсан нийт 2500 гаруй иргэдийг огт анхаарахгүй байна. Хил хааснаас хойш өнгөрсөн 4 сарын хугацаанд гуравхан чартер нислэг ирсэн. 2500 гаруй хүн дунд шүү дээ. Жишээ нь миний байгаа Ирланд улсаас хил хааснаас хойш 10-хан хүн л Монгол руу буцсан байна. Сүүлийнх дээр ганцхан хүн авсан. Гэтэл эндээс 100 орчим иргэд буцах хүсэлтэй өгөөд 5 дахь сартайгаа золгоод хүлээж сууна. Европын бусад орноос мөн адил дунджаар 1-8 хүн л багтаж байна. Европ руу үйлдэх нислэгээ нэмэгдүүлэхийг бид шаардаж байна.
Иргэн Б.Ундрах:
Сургалтаар ирээд 3 сард буцах байсан боловч гацсан. Үнэхээр бухимдалтай байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд төр засгаас авч хэрэгжүүлж байгаа энэ худлаа шийдвэрүүдийг хараад үнэхээр бухимдаж байна. Хэнд нь үйлчлээд, хэнд үйлчилдэггүй дүрэм журам бэ!!! Шударга бус байна МОНГОЛ ТӨР, ил тод бус байна УОК. Харийн нутагт иргэд чинь үхэж байхад та нарын энэ шийдвэрүүд хэнд хэрэгтэй юм бэ! Монгол төр шудрага, ил тод байхыг шаардаж байна. Бид төрийнх нь үндсэн хууль нь иргэнээ хамгаалдаг ТЭГШ ялгаваралгүй хууль нь үйлчилдэг хүмүүнлэг, ардчилсан нийгэмд амьдрахыг хүсч байна.
Иргэн Б.Урансайхан:
Би жирэмсэн. Сургалтаар ирээд дөрөвдүгээр сард буцах байсан. Өдөр ирэх тусам л хэцүүдэж байна. Ирланд их өндөр өртөгтэй улс. Богино хугацааны визтай бас дээр нь визны хугацаа дууссан. Жирэмсний хяналтанд ороогүй, эрүүл мэндийн үйлчилгээ одоо болтол авч чадаагүй байна. Ажил олж хийе гэхээр виз дууссан мөн энэ улсад 600 мянга гаруй хүн ажилгүй болсон гэж сонссон. Надад ч ажил олдсонгүй. Чартер нислэг бүрт л хүсэлтээ өгдөг ч одоог хүртэл багтаж чадаагүй л байна. МИАТ компанийг нислэгийн үнээ бууруулж энгийн үнээр үйлчлэхийг шаардаж байна.
Иргэн Г.Баярцэцэг:
Би оюутны визтэй. Энэ тавдугаар сард виз маань дууссан. Хоёр үрдээ очих гээд гуравдугаар сард буцах тийзээ авсан байсан. "Ээж ээ, өдөр бүр л онгоц ирээд байна та яагаад ирэхгүй байгаа юм бэ?" гэж асуух үрсээ хараад үнэхээр нулимсаа барьж дийлэхгүй юм. Үнэндээ л энэ төр засгийн харгис шийдвэрт гомдох зэвүүцэх зэрэгцэж байна. Ирланд улсаас нийтдээ 10-хан хүн нутаг буцсан байна. Ирланд улсаас авах иргэдийнхээ тоог нэмэгдүүлэхийг шаардаж байна.
Иргэн Ч.Уян:
Би энэ хавар сургуулиа төгссөн. Ирланд улсын засгийн газраас түр хугацааны визтэй иргэдийн визаны хугацааг хоёр үе шаттайгаар 3.20-5.20, 5.20-7.20-ны хүртэл автоматаар сунгахаар шийдвэрлэсэн. Харин өчигдрийн шийдвэрээр 7/20-ны өдрөөс хойш дахин сунгахгүй болохоо мэдэгдсэн. Тиймээс бид долоодугаар сарын 20-ноос хойш хараар буюу бичиг баримтны зөрчилтэй иргэдийн тоонд орохоор болоод байна. Монгол улс иргэддээ хилээ нээхийг шаардаж байна.
Ирланд улсын хувьд ковид-19 халдварын анхны тохиолдол хоёрдугаар сарын 27-нд бүртгэгдэж байсан ч тус улсын Засгийн газраас яаралтай алхамуудыг авч хэрэгжүүлснээр хүндхэн үеэ ардаа орхиж “Бид цар тахлын 2-р давлагаанд бэлэн” хэмээн Ерөнхий сайд Врадкар мэдэгдэж хорио цээрийн дэглэмээ үе шаттайгаар сулруулсаар эргэн хэвийн амьдралдаа орсон байна. Гэсэн хэдий ч эх орондоо буцах хүсэлтэй монгол иргэдийн хувьд өдөр хоног өнгөрөс тусам нөхцөл байдал хүндсээр байгааг “Ирландаас ярьж байна” тайван жагсаалд оролцогчид хэлж байлаа.
Дашрамд дурдахад тэд Европт гацсан иргэдтэй цахимаар нэгдсэн байна. Тэдний зүгээс албан бичгээр шаардлагуудаа УОК болон холбогдох бүх шатны байгууллагуудад хүргүүлсэн гэлээ. Цаашид энэ тал дээр яаралтай арга хэмжээ авч ажиллахгүй бол тухайн оршин суугаа улс орнуудынхаа Гадаад хэргийн яам болон хүний эрхийн холбогдох байгууллагуудад хандаж улмаар төрийн ордных нь гадаа суулт хийхээр дараа дараагийн үйл ажиллагаагаа төлөвлөжээ.