АНУ, БНСУ-д олон тооны монголчууд гацаж, эх орондоо ирж чадалгүй олон сарыг өнгөрөөж байна. Тусгай үүргийн нислэгт нэр нь багтахыг хүлээн, залбиран харж буй олон монголчууд бий. Сүүлийн үед зарим нь гэр бүлийнхнээ гэнэтийн байдлаар алдах, хөгшин настай ээж, аавтайгаа амжиж уулзах гэсэн шалтгаанаар тусгай үүргийн нислэгт багтсан иргэдээс суудлыг нь гуйж, эх орондоо ирэх хүмүүс ажиглагдах болсон. Зарим иргэд хэцүү байдалд орсон нутаг нэгтнээ бодолцон өөрсдийнхөө суудлыг ч өгсөн хэд хэдэн тохиолдол гарсан юм.
Тэгвэл мөн өөрийн суудлаа өгөх гэсэн нэрийн дор АНУ-д буй нэгэн иргэнийг залилсан хэрэг гарчээ. АНУ-д гацаад буй нэгэн эмэгтэйн ээж өнгөрч, нутаг буцах яаралтай шаардлагатай болсон тул гадаадад гацсан иргэдийн нэгдсэн групп дээр зар тавин, тусламж гуйжээ. Ингээд өөрийгөө ОБЕГ-т ажилладаг хэмээн танилцуулсан бүсгүйтэй чатаар холбогдож, 2 сая нэг зуун мянган төгрөг шилжүүлсэн боловч бүсгүй эргээд холбогдоно хэмээн таг болжээ. Иймээс иргэддээ цахим орчинд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.