CNN: ОХУ вакцины зөвшөөрлийг хамгийн түрүүнд авахаар зорьж байна

2020-07-31 11:22

ОХУ коронавирусийн эсрэг вакцины зөвшөөрлийг авсан дэлхийн анхны улс болохоор санаархаж байна хэмээн CNN агентлаг дамжууллаа. Оросын эрх баригчид ирэх наймдугаар сарын 10 гэхэд вакцины зөвшөөрлийг авна хэмээн тооцоолж байгаа аж. Гэсэн хэдий ч эх сурвалжийн мэдээлж буйгаар Оросын эрдэмтэд вакцин гарган авах явцад хэд хэдэн ноцтой алдаа гаргасан тул тус вакцин нь хүний биед аюулгүй, үр дүн сайтай гэхэд итгэхэд бэрх гэв.

Оросын Батлан хамгаалах яамнаас коронавирусийн эсрэг вакцины эмнэлзүйн туршилт амжилттай явагдаж дууссан хэмээн мэдээлсэн. Вакцины эмнэлзүйн туршилтад оролцсон сайн дурынханд ямар ч зовиур, гаж нөлөө илрээгүй бөгөөд тэдгээр хүмүүст коронавирусийн эсрэг дархлаа бий болжээ. Ингэснээр Оросын анхны вакцин үндсэндээ бэлэн болж, улсын бүртгэлд бүртгүүлэх үлдээд буй юм. Ийнхүү Оросын эрдэмтэд ирэх наймдугаар сарын дунд гэхэд коронавирусийн эсрэг вакциныг бүртгүүлнэ гэдгээ мэдэгдсэн.

Харин Америкийн CNN агентлагийн зүгээс Оросын эрдэмтдийн бүтээж буй вакцин Кремлийн улс төрийн дарамт шахалт дор хийгдэж байна. Вакцин гарган авахад ашиглаж буй шинжлэх ухааны аргачлалаа олон нийтэд нээлттэй мэдээлэхгүй байгаа. Улс төрийн хүчин дор хийгдэж буй энэ вакцин Орос шинжлэх ухааны ололт амжилттай явж буй улс гэдгээ дэлхий дахинд сурталчлах боломж гэж CNN агентлаг мэдээлжээ. 

Өнөөдөр аль улс түрүүлж коронавирусийн эсрэг вакцин гарган авах вэ гэсэн геополитикийн өрсөлдөөн ид дундаа өрнөж байна. Коронавирусийн халдвараас сэргийлэх хэдэн зуун төрлийн вакциныг туршиж байгаагаас БНХАУ, АНУ, Их Британи, ХБНГУ, Австрали, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, ОХУ, Канадын 25 лабораторид эмнэлзүйн туршилтыг хийж байна.

Эх сурвалж: CNN

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх