Солонгосын татварын алба нь сүүлийн гурван жилийн хугацаанд хэд, хэдэн орон сууц худалдан авсан 42 гадаадын иргэнийг өөрийн эх орондоо татвар төлөхөөс зайлсхийсэн, мөн БНСУ-д худалдаж авсан байрныхаа үнийн өсөлтөөс, эсвэл түрээсээс ашиг олсон ч татвар төлөөгүй байж болзошгүй хэмээн сэжиглэж байна. Эдгээр хүмүүсээс хамгийн олон байртай нь 6.7 тэрбум воны үнэ бүхий 42 байр эзэмшдэг АНУ-ын иргэн бөгөөд түүний энэ олон орон сууц худалдаж авсан мөнгөний эх үүсвэрийг АНУ-ын татварын албатай хамтран шалгахаар болжээ.
Нийт 1036 гадаадын иргэд нийтдээ 2,467 байр эзэмшиж байгаа нь тогтоогдсон байна. Тэдгээрээс 866 нь хоёр байр, 105 нь гурван байр, 65 нь дөрвөөс дээш тооны байр эзэмшдэг аж. Мөн сүүлийн гурван жилийн хугацаанд гадаадын 23219 иргэн тус улсад 767 их наяд воноор 23167 орон сууц байр худалдаж авчээ.
Эдгээр иргэдээс 13 мянга гаруй нь Хятад, АНУ-ын 4282, Канадын 1504, Тайванийн 756, Австралийн 468, Японы 271 иргэн БНСУ-д орон сууц худалдан авсан байна. Тэдний ихэнх нь нийслэл Сөүл хот болон Гёнги муж, Инчонд орон сууц худалдаж авчээ.
Тэдний худалдаж авсан нийт орон сууцнуудын 32.7 хувь нь худалдаж авсан цагаасаа хойш хоосон байгаа нь амьдрах зорилгоор аваагүйг харуулж байгаа бөгөөд сэжиг төрүүлж байна гэж тус улсын Үндэсний татварын алба үзэж байна гэлээ.
Эх сурвалж: YONHAP