-БНСУ-д Монгол Улсын таван иргэн болон тэдэнтэй харилцаанд орсон гурван хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Эдгээр иргэдийн биеийн байдал ямар байгаа бол?
-Монгол Улсын найман иргэн БНСУ-д коронавируст халдвар авсан нь наймдугаар сарын 26-ны өдрийн шинжилгээгээр батлагдсан. Энэ талаарх мэдээллийг Гадаад харилцааны яам Элчин сайдын яамнаас авсан даруйдаа Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
Нийт халдвар авсан найман иргэний тав нь БНСУ-ын Сөүл хотын Гымчон дүүрэгт байрлах хүнсний үйлдвэрт ажилладаг. Энэ талаар нарийн мэдээлэл байхгүй ч албан ёсны зөвшөөрөлтэй ажилладаг хүмүүс. Нөгөө гурван иргэн нь энэ таван хүний ар гэр болон хамтран амьдрагч хүмүүс байгаа юм. Тэдний биеийн байдал хэвийн байна. Монгол Улсын найман иргэн коронавирусийн халдвар авсны гурав нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин таван иргэний биеийн байдлаас хамаарч, эмнэлэгт шилжүүлэх асуудлыг ярьж байгаа. Эдгээр иргэний нэг нь наймдугаар сарын 12-нд Элчин сайдын яамны Консулын хэлтсээс үйлчилгээ авсан.
-Халдвартай иргэнд үйлчилгээ үзүүлсэн Элчин сайдын яамны ажилтнаас шинжилгээ авсан уу?
-Элчин сайдын яамны Консулын хэлтэс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, амны хаалт, нэг удаагийн бээлий, үйлчилгээ авч буй иргэн бүрийн гарыг ариутгаж, хувийн аюулгүй байдлыг чанд сахиж байгаа. Хэрвээ Элчин сайдын яамны нэг ажилтан халдвар авахад бусад ажилчдад халдвар тарааж, үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүсэх юм. Тийм учраас бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч байгаа. Бид урьдчилан сэргийлэх үүднээс халдвартай иргэнтэй хавьталд орсон байж болзошгүй Консулын хэлтсийн нэг иргэнийг өнөөдөр шинжилгээнд хамруулж, гэрээр тусгаарласан.
-Эдгээр иргэнийг эх оронд нь татан авч, эмчлэх үү?
-Халдвар авсан иргэдийг олон улсын эрүүл мэндийн дүрмээрээ тухайн улс нь эмчлэх үүрэгтэй. Манай улсад ийм тохиолдол гарахад эмчлэх үүргээ биелүүлж байгаа. Олон улсын дүрмээрээ л эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай.
БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтэй 4500 гаруй хүн бий. Тийм учраас есдүгээр сард хийх тусгай үүргийн онгоцны нислэгийн хуваарьт Сөүл-Улаанбаатар чиглэлийн давтамжийг гурван удаа үйлдэхээр тогтоосон. Энэ бол урьдчилсан төлөвлөгөө. Тусгаарлах байрны нөөц нэмж гарвал шаардлагатай чиглэлд нэмэлт нислэг хийх боломжийг эрэлхийлж ажиллана. Гадаад улсад халдварын голомтод байгаа иргэд аль болох хувийн аюулгүй байдлаа сахихыг хүсье. Монгол Улсад ирэх хүсэлтэй иргэдээ татан авахдаа коронавирусийн шинжилгээ урьдчилан өгсөн байх нийтлэг шаардлага тавьж байгаа. Тиймээс БНСУ-д коронавирусийн өвчлөл их байлаа гээд тусгай үүргийн онгоцны нислэгийн давтамжийг бууруулах асуудал байхгүй.