Өмнөд Солонгост хорио цээрийн дэглэмийг зөрчвөл 3 жил хүртэл хорих ял онооно

2020-09-04 09:50

Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгост коронавирусийн халдвар маш эрчимтэй тархаж долоо хоног дараалан нэг өдөрт 200-300 тохиолдол шинээр илэрч байна. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгос улс даяар хорио цээрийн дэглэмийг II шатлалд, наймдугаар сарын 30-наас эхлэн нийслэл Сөүл болон ойр орчмын нутаг дэвсгэрт халдвар хамгааллын дэглэмийн эцсийн шатны өмнөх буюу чангатгасан 2.5 шатлалд тус тус шилжүүлээд байна. 

Хоорондоо зай барих дэглэмийг хүн бүр хариуцлагатай хэрэгжүүлэх нь цар тахлын 2 дах давалгааг тогтоон барих гол арга зам гэж үзэж буй юм. 

Өмнөд Солонгост байгаа гадаадын байгууллага, гадаадын иргэд нь хорио цээрийн онц байдлын үеийн энэ журмыг солонгос иргэдийн адил дагаж мөрдөх үүрэгтэй. Тус улсын Эрүүл мэндийн тухай хууль, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хорио цээр, халдвар хамгааллын дэглэм, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шаардлага, зөвлөмжийг зөрчсөн тохиолдолд буруутай этгээдийг 3 сая хүртэл воноор торгох, эсхүл 3 жил хүртэл хугацаагаар хорих эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.  

Мөн эрх бүхий байгууллагаас тогтоосон халдвар хамгааллын дэглэмийг санаатайгаар зөрчсөн, бусдад тархаах нөхцөл бүрдүүлсэн бол учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх, эмчилгээний зардлыг зөрчил гаргасан гадаадын иргэн өөрөө хариуцах хуулийн зохицуулалт үйлчилж байгаа юм. 

Эх сурвалж: Yonhap

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх