Өвөр монголчуудын тэмцэл арга мухардаж, хүүхдүүд сургуульдаа эргэн явж эхэлжээ

2020-09-25 10:34

Өвөр монголчуудын хэл бичгийн тэмцлийг бид уухайлан дэмжиж байсан цаг саяхан. Гэвч өдөр бүр өрнөх “өнгө өнгийн” үйл явдлуудын тоосонд Өвөр монгол ахан дүүсийн тэмцэл дарагдаж орхилоо. Монгол соёл, монгол бичигтэйгээ үлдэхийн тулд тэд тэмцсэн, бид ч дэмжсэн. Хэд хэдэн Монгол үндэстэн амиа ч зольсон. Харамсалтай нь Өвөр монголд хятад хэлээр хичээл заах хөтөлбөр хэрэгжиж, хэл бичгийн төлөөх эсэргүүцэл дарагджээ. Энэ талаар Америкийн томоохон хэвлэл “Los Angeles Times” сонинд гарсан сурвалжилгыг та бүхэнд орчуулан хүргэж байна.

-ЖАГСААЛД НЭГДЭЖ, ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН Л БОЛ БНХАУ-ЫН ХАР ЖАГСААЛТАД ОРЖ БАЙНА-

Өвөр монголд өрнөж буй Хятадын хос хэлний хөтөлбөрийн эсрэг тэмцлийн талаар бид малчин Ганбаатараас мэдээлэл авлаа. Түүний хэлж буйгаар БНХАУ-ын Коммунист намаас гаргасан мандарин хэлээр хичээл заах хөтөлбөрийн эсрэг жагсаал цуглаан үндсэндээ дарагдсан бололтой. “Бидэнд гарах гарц алга. Бид юу ч хийж чадахгүй” гэж тэр хэлэв. Өвөр монголын Шилийн голд гэхэд л эсэргүүцэл зарлаж байсан хүүхдүүдийн 90 хувь нь сургуульдаа эргэн оржээ. Малчин Ганбаатарын хүүхдүүд ч сургуульдаа  явж эхэлсэн байна. “Хэрэв хүүхдүүдээ сургуульд нь явуулахгүй бол ажлаас нь шууд халж байна. Бас банкнаас зээл авах эрхгүй болгоно. Жагсаалд нэгдэж, гарын үсэг зурсан хүмүүсийг эхнээс нь баривчилж байна. Нэг ёсондоо гарын үсэг зурж, тэмцэлд нэгдсэн л бол “ХАР ЖАГСААЛТАД” оруулж байна. Тэд бүх төрлийн аргаар биднийг хааж, боож байна” хэмээн тэр хэлэв. Малчин Ганбаатар удаан ярьж чадсангүй. Түүний утсыг хянаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй байна хэмээн бусад хүмүүс хэлж байв.

Энэ бүхнийг ярихдаа тэрээр эх баригчдын хариу  арга хэмжээ авахаас эмээж байсан тул өөрийнхөө бүтэн нэрийг ашиглахгүй байхыг хүссэн юм.

-ХҮҮХДЭЭ СУРГУУЛЬД НЬ ЯВУУЛААГҮЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВАХ ЭРХИЙГ НЬ ХЯЗГААРЛАНА-

Өнгөрсөн долоо хоногт Шилийн гол хотын удирдлагууд “WeChat”-р дамжуулан есдүгээр сарын 17-ны дотор хүүхдээ сургуульд явуулаагүй эцэг эхчүүд засгийн газрын татаас авах эрхгүй болно гэж мэдэгдсэн. Түүнчлэн хичээлдээ ирээгүй ахлах ангийн сурагчдыг хөөж, коллежийн элсэлтийн шалгалт өгөхийг хориглох болно гэжээ. “Банкууд ч хүүхдээ сургуульд нь явуулаагүй эцэг эхчүүдэд зээл олгохоо зогсооно” гэж мэдэгджээ.

Түүнчлэн Засгийн газрын салангид мэдэгдэлд дурдсанаар жагсаалд оролцсон эцэг эхчүүдийг “найдваргүй хүмүүсийн жагсаалт”-д оруулах бөгөөд ажлын байр, зах зээлийн тусгай гүйлгээ, хил дамнасан аялал, байшингийн сэргээн босголтын ажил болон зээлийн нөхцөл шаарддаг бусад үйл ажиллагаанд хязгаарлалт тавина гэж заасан байв. 

Шилийн гол хотын удирдлагууд тус дүүргийн монгол хэлний сургуулиудад сурч байсан 3469 сурагчийг бүгдийг нь ангидаа амжилттай авчирснаа өнгөрсөн долоо хоногт зарласан.

“Хятад үндэстэн ястнууд нэг ойрын гэр бүл болж, Хятадын мөрөөдлийг нэг зүрх сэтгэлээрээ бүтээж байна” тэд сургуулийн ханан дээр томоор бичжээ. Өвөр монгол дахь цагдаагийн эх сурвалжийн бидэнд мэдээлснээр ихэнх оюутнууд сургуульдаа эргэн ирсэн. Харин одоо "БНХАУ-ын засгийн газарт хор хөнөөлтэй" зүйлийг интернетэд байрлуулсан хүмүүсийг мөрдөж байгаа гэв. Өөрөөр хэлбэл жагсаалд оролцсон хүмүүсийн нэр, иргэний үнэмлэх, утасны дугаар, хаяг, ажлын байр зэргээр нь мөрдөж байгаа аж. Мөн жагсаал хийхийг уриалсан эсвэл “WeChat” сүлжээн дээр монголчуудын амиа хорлосон тухай бичсэн хэд хэдэн хүнд арга хэмжээ авахаар мөрдөж байгаа аж. Нью-Йоркт байрладаг Өмнөд Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төвийн мэдээлснээр Өвөр монголд есөн хүн Хятадын засгийн газрын шахалтад орсны улмаас амиа хорложээ. Тэдгээрийн ихэнх нь багш, сурагчид байв. Бид талийгаачдын ар гэрийнхэнтэй холбоо барьж чадаагүй ч есдүгээр сарын эхээр 17 настай охин, 33 настай эмэгтэйн амиа хорлолтыг баталсан хоёр баримт бичгийг олсон юм. Засгийн газрын мэдэгдэлд охин бүжгийн бэлтгэлийн үеэр ангийнхаа найзтай зодолдож байгаад сургуулийнхаа дөрвөн давхраас үсэрсэн, харин 33 настай эмэгтэй сэтгэл гутралд орж, барилга дээрээс үсэрсэн гэж мэдэгдсэн боловч тэд юуны төлөө амиа золиосолсныг хүн болгон мэднэ.

-ӨВӨР МОНГОЛЧУУДЫН ТАЛД НААШТАЙ ШИЙДВЭР ГАРАХ ШИНЖ АЛГА-

Хэдийгээр  Хятадын засгийн газраас зарим ангиудыг монгол хэлээр үргэлжлүүлэн хичээл заах болно гэж мэдэгдсэн ч үүнд баталгаа байхгүй.  Хятадын засгийн газраас урьд өмнө иймэрхүү амлалтууд өгч байсан ч хоосон амлалт болох нь батлагдсан.

Тэд Өвөр монголчуудыг зэвсгээр айлгаж, тандах, санхүү болон ажил мэргэжлээр нь заналхийлэх, саатуулах, зээлийн хар жагсаалтад оруулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэднийг "нийгмийн тогтвортой байдалд заналхийлж байна” хэмээн “ПР” хийж байна. Хэдийгээр энэ удаа хүчирхэг гүрэн ер бусын эсэргүүцэлтэй тулгарсан ч Өвөр монголчуудын талд ямар нэгэн нааштай шийд гарах шинж алга байна.

Нийтлэлийг бүрэн эхээр нь унших:

https://www.latimes.com/world-nation/story/2020-09-23/inner-mongolia-china-model-minority-crackdown

Эх сурвалж: LosAngelestimes

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх