Хар нүхийг ойлгоход чухал хувь нэмэр оруулсан гурван эрдэмтэнд 2020 оны физикийн салбарын Нобелийн шагнал гардууллаа.
Стокхолмд болсон хэвлэлийн бага хурал дээр Сэр Рожер Пенрөүз, Рэйнхард Гензел, Андреа Гез нар энэ жилийн физикийн салбарын Нобелийн шагналтанаар тодорсныг зарлажээ. Ийнхүү тэд 10 сая швед крон буюу нэг сая ам.долларын эзэн болж буй юм.
Физикийн салбарын шагналын хорооны дарга Дэвид Хавиланд “Энэ жилийн шагналыг сансрын хамгийн гайхамшигтай зүйлд болон түүнийг ойлгоход бидэнд тусалсан хүмүүст олгож байна” хэмээн ярьжээ. Хар нүх бол сансарт байдаг асар их татах хүчтэй, гэрлийг хүртэл сордог зүйл билээ.
Их Британид төрсөн, Оксфордын их сургуулийн математикийн физикч Сэр Рожер хар нүхнүүд бол Альберт Эйнштейний харьцангуйн ерөнхий онолын зайлшгүй бодит жишээ болохыг нотолжээ.
Тэрбээр шагналын тэн хагасыг хүртэж, нөгөө хагасыг нь Гензел, Гез хоёр хувааж авах аж. Профессор Гез ийнхүү физикийн салбараас Нобелийн шагнал хүртсэн дөрөв дэх эмэгтэй хүн болж байгаа юм.
Эх сурвалж: BBC