Эрдэмтдийн олж мэдсэнээр ихэвчлэн зарим загас, гүрвэлийн биед байдаг гэмтсэн, эсвэл алдсан хэсгээ нөхөн сэргээх, ургуулах ген хүний биед ч байдаг аж. Тухайлбал хүн төрөлхтөн эрт цагт нүд гэх мэт мэдрэхүйн эрхтнээ өөрсдөө дахин ургуулах чадвартай байсан ч хөгжлийн аль нэг шатандаа тухайн чадварыг агуулдаг генийг идэвхгүй болгосон гэнэ.
Мэдрэхүйн эрхтнүүд, тэр дундаа нүд нь гэрэл мэдэрч, хүлээн авсан мэдээллээ тархинд дамжуулах савхан болон конус хэлбэртэй эсүүдээс бүтдэг маш нарийн төвөгтэй бүтэцтэй. Тиймээс нүдний, ялангуяа торлог бүрхэвчний гэмтэл нь дэлхий даяар олон мянган хүний эдгэрч чадалгүйгээр харалган болох гол шалтгаан болж байна.
Дээр дурьдсанчлан маш нарийн төвөгтэй бүтэц нь торлог бүрхэвчийг арьс, яс зэрэг бусад хэсгийн эдүүд шиг нөхөн төлжих боломжгүй болгож байгаа юм. Гэвч тахь загас тэргүүтэй зарим загас нүдний торлог бүрхэвчээ нөхөн төлжүүлэх чадвартай байдаг билээ. Харин хүн төрөлхтөнд тэднийхтэй 70 хувь ижил торлог бүрхэвчээ нөхөн төлжүүлэх ген байдаг аж.
Жон Хопкинс их сургуулийн тархи судлаач эрдэмтэн Сет Блэкшавын тайлбарлаж байгаагаар ийнхүү нүд гэх мэт мэдрэхүйн эрхтнүүдээ нөхөн төлжүүлэх нь хүн болон бусад амьтны үндсэн чадвар мөн гэнэ. Гэвч хүн төрөлхтөн уг чадвараа хөгжлийн аль нэг үе шатандаа алдсан аж.
Хүн хэвлийд байхад нүдний торлог бүрхэвч шууд тархи болон нүдний ард тулж ирдэг төв мэдрэлийн системээс салаалан хөгждөг юм. Мөн торлог бүрхэвчинд Мюллер глиал хэмээх эсүүд байдаг нь торлог бүрхэвчийг цэвэрлэж, орсон элдэв хогийг буцаан гадагшлуулж, шаардлагатай үед дархлааны үүрэг гүйцэтгэдэг гэнэ.
Харин загас, гүрвэл гэх мэт зарим амьтанд дээрх Мюллер глиал эсүүд нь нүдийг хамгаалах, цэвэрлэхээс гадна нүдэнд ирсэн гэрлийн мэдээллийг тархинд дамжуулах мэдрэлийн эсүүдийг нөхөн төлжүүлэх, шинээр үйлдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг аж.
Тархи судлаач Тан Хан болон Жон Хопкинс их сургуулийн судалгааны баг тахь загас, тахиа, хархны торлог бүрхэвчийг харьцуулан судалсан байна. Үр дүнд нь эдрэмтдийн тооцоолж байсанчлан тэдний ген дархлааг идэвхжүүлж, гэмтсэн торлог бүрхэвчийг цэвэрлэж, гэмтэлтэй тэмцэж эхэлсэн аж. Гэвч сонгосон амьтад дундаас хүнийг төлөөлж буй хөхтөн амьтан болох хулганы ген хүнтэй ижил байдлаар Мюллер эсүүд торлог бүрхэвчийг цэвэрлэж дуусмагц нөхөн төлжүүлэх үүрэг гүйцэтгэж эхлэхээс нь өмнө дарж, болиулж байжээ.
Ийнхүү нүдийг нөхөн төлжүүлэх чадвараа алдсан нь хөхтөн амьтад нүдээ шимэгч хорхой, нянгийн халдвараас сэргийлэх, илүү сайн хараатай болох гэсэн нэг төрлийн “солилцоо”-ны үр дүн хэмээн эрдэмтэд таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: RT.COM