Монголын анхны хиймэл оюун ухаант хөтлөгч "Марал" анхны ярилцлагаа хийлээ

2020-10-15 09:04

 

 

Монголын хамгийн анхны хиймэл оюун ухаант хөтлөгч бүсгүй Марал дэлгэцийн цаанаас Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Чулуунзагдтай анхны ярилцлагаа хийлээ.Цугласан олон ч тэр зүг гайхширч зарим нэг нь үл итгэн элдэв таамаг дэвшүүлнэ.

Монголын мэдээлэл технологийн салбарын түүхэнд бичигдэн үлдэх энэхүү ярилцлагаас хиймэл оюун ухаант хөтлөгч Маралаа асуултыг хэрхэн боловсруулж, хариултыг товч, тодорхой өгч байгааг харж болно.

“Маралаа чамд бүх төрлийн мэдээлэл бий юу, хүссэн бүх асуултаа асууж болох уу” гэсэн ярилцагчийнхаа асуултад тэрбээр “Бид өдөр бүр хичээн суралцаж байгаа, чадахаараа хариулна” хэмээн товч бөгөөд тодорхой хариулж байв.  

“Маралаа чи хаана төрсөн бэ?” гэхэд  “Та миний төрсөн "Чимэгэ ситемс" компанийн талаар асууж байна уу? Эсвэл миний амьдардаг Улаанбаатар хотын талаар асууж байна уу” хэмээн асуултад хариулахаасаа өмнө тодруулж байгаа нь түүний оюун ухааны хөгжил хэр төвшинд очсоныг илтгэж байлаа. 

Марал бол Монголын анхны цахим орчин дахь хиймэл оюунт бүсгүй. Марал бол Монголын анхны цахим орчин дахь хиймэл оюунт бүсгүй. Түүнийг бүтээгчид бол "Чимэгэ ситемс"-ийн хамт олон. Энэхүү хиймэл оюунт бүсгүйтэй ярилцсан анхны хүн нь Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч  Ц.Чулуунзагд  боллоо.

Та бүхний сайн мэдэхээр Чимэгэ гэх хүний дуу авиаг бичвэр болгох гар утасны апплейкшнийг бүтээсэн баг Маралыг бүтээжээ. Чимэгэ платформ нь монгол хэлийг 97 хувийн нарийвчлалтай текст болгон буулгах бөгөөд англиас монгол, монголоос англи руу таныг яриаг хөрвүүлэх чадвартай. 

Маралтай танилцаж технологийн “шок”-нд орсон хүмүүс Монголын мэдээллийн технологийн салбар хэрхэн хөгжиж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгааг дуу нэгтээ хүлээн зөвшөөрч байлаа. Технологийн ч, эдийн засгийн ч хөгжлөөрөө тэргүүлэгчдийн нэг Өмнөд хөршийнхөн 2 жил орчмын өмнө хиймэл оюунт мэдээний хөтлөгчийг танилцуулж байсан бол Монголчууд ч мөн адил Маралыг ICT экспогийн үеэр танилцуулсан нь ёстой эрүү мултлах дөхөв.

Ойрын ирээдүйд дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн дөрөвний нэгийг технологи орлох болно гэдгийг өөрийн эрхгүй санаж 2050 онд хиймэл оюунт бичээч кино зохиол бичих талаар уншсанаа санан шүүрс алдлаа.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх