"800 хятад"-ын хэмээх хэрэгт 9-12 жилийн хорих ял оноолоо

2020-10-22 10:08

Өнгөрсөн оны аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлуудаас БНХАУ-ын 818 иргэнийг саатуулж, улмаар 783-ыг нь албадан гаргасан билээ. Хууль, хяналтын байгууллагын тусгай ажиллагааны үр дүнд өндөр хүчин чадал бүхий 1000 орчим  комьпютер, ухаалаг гар утас, арван мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют, 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн  тансаг зэрэглэлийн автомашинууд хураан авсан байдаг.

Лью Тинхуа, Жун Хуа, Еэ Тин, Жан Хунчан, Вула, Ли Жиaсэнг, Ниу Жихэнг, Ю Жи, Жау Донлинг Пан Жин, Лю Жунвэй, Ян Гуй, Бай Жунлиан, Ли Янг, Лю Чианг гэсэн 15 хүнийг  “Цахим мэдээлэлд хууль бусаар халдсан” , “Мөнгө угаах”, “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, түүнд элссэн”, “Залилах” гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлджээ.

Энэ хэргийн гол зохион байгуулагчид нь Камбож улсад үйлдэж байсан залилан мэхлэх гэмт хэргээ Монголд үргэлжлүүлэхээр олон хүн элсүүлэн орж ирсэн нь ч батлагдсан. Улмаар цахим төхөөрөмж ашиглан “Вичат”, “Телеграм”, QQ зэрэг захидал харилцааны сүлжээнд “Жи-Мобайл”, “Скайтел”, “Юнител”-ээс авсан утасны олон дугаараараа хуурамч хаяг нээн, “МТ4” хэмээх өөрсдөө хувиргаж боловсруулсан платформд элсүүлэн хөрөнгийн зах зээлд арилжиж буй хувьцааг худалдах, худалдан авах ажиллагаанаас ашиг олж буй мэтээр зохиомол байдал бий болгон залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байгаа.

Шүүгдэгч Лью Тин Хуад холбогдох хэргийг тусгаарлан, нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон бол  бусад 14 шүүгдэгчийн хоёрт нь 12, үлдсэн хүмүүст есөн жил хаалттай хорих ангид ял эдлүүлэх шийтгэх тогтоол гаргасан байна.

Мөн дээрх 15 хүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан компьютер, гар утсууд зэрэг эд зүйлсийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн аж. Тэдний явуулж байсан үйл ажиллагаа болон хураагдсан эд зүйлээс харахад БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр их хэмжээний бэлэн ба бэлэн бус валют хууль бусаар нэвтрүүлэн, 800 хүний бүрэлдэхүүнтэй цахим бүлэглэлийн үйл ажиллагаа явуулж байсан. Улмаар тэднийг санхүүжүүлж цалинжуулах, зочид буудал түрээслэх замаар орон байраар хангаж, аль нэг улсын нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг үйлдэх замаар олсон гэмт хэргийн орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулж, үйл ажиллагаагаа өргөтгөж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан шинж тэмдэг тогтоогдсон байна.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх