Хойд Солонгосын иргэн 3 метрийн өндөр хашаа давж, Өмнөд рүүгээ зугтжээ

2020-11-28 12:16

Умард Солонгосын иргэн гурван метрийн өндөр хашааг давж Өмнөд Солонгос руу оргосон талаар БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Хил давахаасаа өмнө тэрбээр БНАСАУ-ын хамгийн өндөр хамгаалттай нутаг дэвсгэрийг гатлан туулж чадсан байна.

Тэрбээр арваннэгдүгээр сарын 3-ны өдөр зугтсан бөгөөд одоо л мэдээлж байгаа аж. Зугтсан эр өмнө нь гимнастикч байжээ. Тэрбээр хоёр улсын цэрэггүй бүсийг гаталж, 14 цагийн дараа хилийн зурвасаас нэг км зайд Өмнөд Солонгосын цэрэгт саатуулагдсан байна.

Өмнөд Солонгосын эрх баригчид түүний зугтах болсон шалтгаан, сэдлийг шалгаж байгаа аж. Түүнийг үнэхээр тэр өндөр хашааг давсан эсэхийг шалгахаар хоёр ч удаа үсрэхийг хүсчээ. 

Хэрвээ тэр үнэхээр тийм аргаар зугтаж чадсан бол Умардын цэргүүдэд хэрхэн анзаарагдахгүйгээр явж, цэрэггүй бүсийн тэсрэх бөмбөгт өртөхгүйгээр ирж чадсан нь сонин байгаа аж. Мөн хашаанд суурилуулсан мэдрэгчүүд ажиллаагүй гэдэг нь сэжигтэй санагдсан байна.

Зугтсан эрийн биеийн жин болон түүний гимнастикаар хичээллэж байсныг бодвол ингэж оргох боломжтой гэдгийг эрх баригчид хэлжээ. Оргосон эрийн нэр болон насыг хэлээгүй ч ямартай ч тэрбээр 30 хүрээгүй аж. 

Умард Солонгосын эрийн зугтсан түүх нийтэд ил болсны дараа цэрэггүй бүсэд яагаад илрүүлгийн системүүд нь ажиллаагүй талаар асуултууд ар араасаа хөвөрчээ.

Өмнө нь хэд хэдэн удаа хилийн аюулгүй байдлыг зөрчих тохиолдол гарсан тул Сөүл хил дээр хүч нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. 

Жил бүр дунджаар 1000 орчим хүн Умард Солонгосоос зугтдаг байна. Тэд ихэвчлэн уул толгод, гол ус зэрэг аюултай замыг сонгож Хятад руу оргодог аж. Тэдний ихэнх нь Өмнөд Солонгос руу явдаг бөгөөд тэндээ Умард Солонгосын дүрвэгсдийн дасан зохицох хөтөлбөрт хамрагддаг байна. 

Эх сурвалж: ВВС

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх