Өмнөд Солонгос улсад сүүлийн жилүүдэд гарсан хүүхдийн хүчирхийллийн хамгийн аймшигтай хэрэг гэх үрчилж авсан охиноо хөнөөсөн этгээдэд шүүхээс 35 жилийн ял оноолоо.
Тодруулбал,2019 оны долоодугаар сард Жон Ин хэмээх бяцхан охин нэгэн айлд үрчлүүлсэн бөгөөд 16 сартайдаа нас барсан юм. Задлан шинжилгээний дүгнэлтэд түүний үхлийн шалтгааныг хэвлийдээ хүнд гэмтэл авсны улмаас нас барсан хэмээн тэмдэглэсэн байдаг бөгөөд хүчтэй гэмтлээс үүдэн дотуур цус алдан улмаар нас барсан аж.
Охиныг таван сарын турш байнгын хүчирхийлэл дунд байлгасан бөгөөд яснууд нь хугарч, биед нь олон тооны хөхрөлт бий болсон байжээ.
Прокурорууд түүнийг өргөж авсан ээжид цаазын ял оноох хүсэлт гаргасан ч дүүргийн шүүх 35 жилийн хорих ял оноожээ.
Харин түүний нөхөрт 5 жилийн хорих ял оноосон бөгөөд уг хэрэг олон нийтэд ил болсны дараа улс орон даяар эцэг эхэд хатуу шийтгэл ногдуулахыг уриалж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан билээ.