ВИДЕО: Сөүлийг зорьсон тусгай үүргийн онгоцоор 257 иргэн эх орондоо ирлээ

2020-06-18 07:39

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэг өнөөдөр 09:14 цагт Улаанбаатараас хөөрсөн юм.

Тус нислэг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 17:48 цагт газардаж 257 иргэн эх орондоо ирлээ. Үүнд:

  • Өндөр настан болон асран хамгаалагчтай 40,
  • Эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 57,
  • Жирэмсэн болон асран хамгаалагчтай 4,
  • Бага насны хүүхэдтэй болон гэр бүл 68,
  • Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 88 хүн байна хэмээн УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ

Энэ удаагийн нислэгээр Мэргэжлийн хяналтын газрын хоёр улсын байцаагч ажиллажээ. Нислэгт ажилласан улсын байцаагч нар зорчигчдын эрүүл мэндийн байдлыг үзэж тусад нь ялгадаг. Ингээд сэжигтэй хүмүүсийг онгоцны хойд хаалгаар буулган ХӨСҮТ-д хүргэх юм. Мөн эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлана.

Шинж тэмдэггүй иргэдийг “Альфа”, “Дрийм”, “Зүчи” зочид буудалд тусгаарлах аж

Зургаадугаар сар гарснаас хойш ийн тав дахь удаагийн нислэгээр иргэдээ татан авч байна. Маргааш БНСУ-руу дахин нислэг үйлдэнэ. Тус нислэгээр БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг авчрах юм.

Зорчигчид онгоцонд гар тээштэйгээ суусан. Харин үлдсэн ачааг ариутгаж, халдваргүйтгэл хийсний дараа зохих журмын дагуу олгох юм.

Нийт 10 мянган гаруй иргэн гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан.

Энэ удаагийн нислэгээр таван сэжигтэй тохиолдол бүхий хүн ирснийг онгоцны хойд хаалгаар буулгажээ. Тэдгээр иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлах юм

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх