Өмнөд Солонгосын засгийн газар сурагчдын дундах дээрэлхэлттэй тэмцэх шинэ төлөвлөгөөгөө танилцуулав

2023-04-13 10:44

Өчигдөр буюу Лхагва гарагт Өмнөд Солонгосын засгийн газар сургуулийн сурагчдын дундах дээрэлхэлттэй тэмцэх шинэ арга хэмжээгээ танилцуулжээ.

Тус улсын ерөнхий сайд Хан Дук Согийн даргалсан сургуулийн хүчирхийлэлтэй тэмцэх хорооны хуралдаанаар уг арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг баталсан юм байна.

Төлөвлөгөөнд тусгаснаар ерөнхий боловсролын сургуульд суралцах хугацаандаа бусдыг дээрэлхэж байсан түүхтэй сурагч их сургуульд элсэх шалгалтдаа тодорхой хэмжээний торгуулийн оноо хасуулдаг болох гэнэ.

Дээрэлхэлтийн түүхээ арилгуулахад хохирогчийн зөвшөөрлийг заавал харгалзан үзэх ёстой болжээ.

Дээрэлхэлтийн хохирогч болсон хүүхдүүдэд үзүүлэх дэмжлэг, хамгаалалтыг нэмэгдүүлж, сургуулиуд цагдаа, хуульч, сэтгэл зүйчээс бүрдсэн хүчирхийллийн эсрэг төвтэй байхаар төлөвлөгөөнд тусгасан байна.

Сүүлийн үед Өмнөд Солонгост сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэлтийн асуудал нийгмийн халуун сэдэв болоод байгаа.

Саяхан Нэтфликс платформд цацагдсан “The Glory” цуврал кино уг асуудлыг улам их анхаарлын төвд оруулсан юм.

Үндэсний Мөрдөн Байцаах Албаны шинэ захирал болсон Чун Сун Шин томилогдсоныхоо маргааш буюу хоёрдугаар сарын 24-нд огцрох шийдвэр гаргасан нь түүний хүүгийн дээрэлхэлтийн түүх хэвлэлээр ил болсонтой холбоотой байв.

Шинэ арга хэмжээний хүрээнд сургуулиуд сурагчдын дээрэлхэлттэй холбоотой хувийн хэргийг хөтөлж, төгссөнөөс нь хойш дөрвөн жилийн хугацаанд хадгалах үүрэгтэй болжээ.

Ирэх оноос эхлэн их сургуулиуд оюутан элсүүлэхдээ дээрх хувийн хэргийг харгалзан шийдвэрээ гаргаж байх юм байна.

Хохирогч болсон сурагчийг долоо хоног хүртэл хугацаагаар дээрэлхэгчээс тусгаарласан нөхцөлд хичээлд нь суулгаж байхаар болжээ.

Мөн сургуулиудын захирлууд шаардлагатай тохиолдолд дээрэлхэгчийг сургуулиас хөөх, ангиас нь тусгаарлах хүртэл арга хэмжээ авах үүрэг, эрх мэдэлтэй болсон байна.

2022 онд Өмнөд Солонгос даяар сургуулийн дээрэлхэлтийн 62,052 тохиолдол бүртгэгдсэн нь 2019 оны 42,706 тохиолдлоос 68.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: Korea Times

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх