Ням гарагт Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида өөрийн ойрын хөрш Өмнөд Солонгост айлчлан иржээ.
Хоёр улс сүүлийн үед колоничлолын түүхтэй холбоотой маргаан зөрчлөө арилгаж, харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулахыг хичээж байгаа юм.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл гуравдугаар сард Япон улсад айлчилсны дараах хариу айлчлал болж байна. Япон улсын засгийн газрын тэргүүн 12 жилийн дараа Өмнөд Солонгост айлчилж байгаа юм.
Тэднийг эдийн засгийн ашиг сонирхлоос гадна Умард Солонгосын цөмийн зэвсгийн аюул нэгтгэж байна.
Уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр Японы ерөнхий сайд Кишида 1910-1945 оны хооронд үргэлжилсэн Солонгосын хойгийн эзлэн түрэмгийлэл, колоничлолын төлөө албан ёсоор уучлал гуйгаагүй ч хувь хүнийхээ хувьд энэ асуудалд эмзэглэж явдгаа илэрхийлжээ.
“Тухайн цаг үеийн хүнд хэцүү нөхцөлд аймшигтай зовлон зүдүүр, уй гашуу амссан олон хүмүүсийн тухай бодох бүрд миний зүрх шимширдэг” гэж тэр хэлсэн байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл түүхийн шийдэгдээгүй, эмзэг асуудлууд хоёр улсын цаашдын хамтын ажиллагаанд саад учруулах ёсгүйг энэ үеэр онцолжээ.
Тэрбээр бас албан ёсоор хүсээгүй хэдий ч өөрийн сайн дураар ийм байр суурь илэрхийлсэнд нь Кишидад талархал илэрхийлсэн байна.
Япон, Өмнөд Солонгосын өмнөх удирдагчдын үед хоёр орны харилцаа олон жилийн хугацааны хамгийн доод түвшиндээ хүрч муудаад байсан юм.
Өмнөд Солонгосын тал колонийн засаглалын үед иргэдийг нь боолчилж, хөдөлмөрийг нь мөлжиж байсанд Япон улсыг буруутган нөхөн төлбөр шаардаж байв.
2018 онд Өмнөд Солонгосын шүүх одоо амьд сэрүүн байгаа боолчлогдож байсан хүмүүсийн хохирлыг Японы хоёр компаниар барагдуулах шийдвэр гаргаж байжээ.
Үүний дараа хоёр улс харилцан нэг нэгнийхээ эсрэг худалдааны хориг арга хэмжээнүүд авч байлаа.
Харин нэг жилийн өмнө ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Юн Сүк Ёл нөхцөл байдлыг өөрчлөх санаачилга гаргаж эхэлсэн юм.
Саяхан тэрбээр хохирлыг Японы компаниудаар биш, Японы засгийн газрын дайны нөхөн төлбөрийн ашиг шимийг хүртсэн Өмнөд Солонгосын компаниудаар барагдуулах санал гаргаад байгаа.
Энэ санал Өмнөд Солонгосын нийгмийн зарим хэсгийн хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан юм.
Япон, Өмнөд Солонгосын харилцаа сайжрах нь тэдгээрийн гол холбоотон АНУ-ын засаг захиргааны сонирхолд нийцэж байгаа.
Энэ сарын сүүлээр Хирошимад болох Их Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр гурван улсын төрийн тэргүүнүүд Умард Солонгосын цөмийн аюул, Хятадын хүчирхэгжилт, Украинд явуулж буй Оросын дайны асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна.
Их Долоогийн уулзалтад тус бүлэгт багтдаггүй найман улсын төрийн тэргүүн уригдсаны нэг нь Юн Сүк Ёл юм.
Эх сурвалж: Aljazeera