Ц.Элбэгдорж БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёлтой уулзав

2023-05-31 13:34

Ц.Элбэгдорж БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёлтой уулзав

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөд Солонгос улсад ажиллаж байна. Тэрбээр Өмнөд Солонгос улсын Төрийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, Хууль зүйн сайд нартай  ажил хэргийн уулзалт зохион байгуулж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа дэлхийн ардчилал, хүний эрх, эрх чөлөөний талаар ярилцсан байна. Мөн түүнчлэнҮндэсний ассамблейн дарга Ким Жин Пётой муулзахдаа хоёр улсын эдийн засаг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар хэлэлцсэн байна.

Тодруулбал, Сөүл хотноо өчигдөр /2023.05.30/ "The Elders" байгууллагын удирдагчид чуулж,  энэ үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тус улсын ерөнхийлөгч Юн Сук Ёлтой уулзжээ. "The Elders" нь энх тайван, шударга ёс, хүний эрхийн төлөө хамтран ажилладаг дэлхийн бие даасан удирдагчдын байгууллага юм.  Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун, Ирландын ерөнхийлөгч асан Мэри Робинсон, Норвегийн ерөнхий сайд асан Гро Харлем Брундтланд, Чилийн ерөнхийлөгч асан Рикардо Лагос, Мексикийн ерөнхийлөгч асан Эрнесто Зедилло нарын дэлхийн улс орнуудын удирдагч оролцсон байна.

Юн Сук Ёл энэ уулзалтын үеэр тогтвортой энх тайвны төлөөх эрх чөлөөний ач холбогдлыг онцлохдоо "Ямар ч тохиолдолд эрх чөлөө байхгүй бол амар амгаланг хадгалах боломжгүй. Ард түмнийхээ төлөө эрх чөлөөг хүндэтгэдэг улс бусад орны эрх чөлөөг хүндэтгэж чадна. Өмнөд Солонгос улс эрх чөлөө, хууль дээдлэх ёс, олон улсын хэм хэмжээнд тулгуурласан дипломат харилцаагаа өргөжүүлнэ. Улс орон бүр үндсэрхэг үзлийн эсрэг интернационализмыг баримтлах шаардлагатай" болохыг дурджээ. Энэхүү чуулга уулзалтыг дэлхийн хэвлэлүүд онцлон мэдээлж буй юм. Тэр тусмаа Өмнөд Солонгосын "Yonhap" хэвлэл  Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Өмнөд Солонгосын удирдагч Юн Сук Ёл нарын уулзалтыг онцолжээ.

Тэрчлэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос Өмнөд Солонгосын "Чусон Илбу" сонинд ярилцлага авснаас гадна тус сонин  түүний талаар нийтлэл оруулсан нь хамгийн өндөр хандалт авсан байна. Уг нийтлэлд Ц.Элбэгдоржийг 2013 оны аравдугаар сард Хойд Солонгост айлчлахдаа Ким Ил Суны нэрэмжит их сургуульд “Дарангуйлал мөнх оршдоггүй” нэртэй лекц уншиж байсныг онцлон дурджээ.

"Дарангуйлал мөнх оршдоггүй" нийтлэлийн талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бичсэнийг ЭНД дарж уншина уу.

Энэ жил Монгол Улс болон Өмнөд Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 33 жилийн ой тохиож буй. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ талаар хэлэхдээ "Олон Монголчууд Солонгост ирж ажиллаж хөдөлмөрлөн, олж авсан ур чадвар, туршлагаа ашиглан эх орондоо гарааны болон төрөл бүрийн бизнесийг эрхэлж байна. Энэ утгаараа Солонгос бидэнд хамгийн их ач тусаа өгч байгаа улс юм" гэжээ. Мөн тэрбээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг Монголд, эрх чөлөөнд онцгой ханддаг удирдагч гэж онцолсон байна.

Дашрамд дурдахад, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн стратегийн хүрээнд Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ зарлаад байгаа билээ.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх