БНСУ-д сургуулийн хүчирхийллийн улмаас амиа хорлон, нас барсан багш нарт эмгэнэл илэрхийлж, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалсан жагсаалыг Сөүл хотноо өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан.
Солонгос Улсад сурагчид шинэ залуу багш нараа дээрэлхэх, эцэг эхчүүд ч мөн дарамтлах явдал ихэссэний улмаас багш нар амиа хорлосон хэд хэдэн тохиолдол гараад буй. Тодруулбал, Өнгөрсөн долдугаар сард сургуулийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлүүлэхээр тэмцэж байсан залуу багш амиа алдсан харамсалтай хэрэг гарсан бол өнгөрсөн долоо хоногт мөн гурван багш амиа егүүтгэн нас барсан бөгөөд багш нарын уг жагсаал түүхэн дэх хамгийн том жагсаал болох төлөвтэй байгаа талаар тус улсын хэвлэлүүд онцолж байгаа юм.
Иймд саяхан багш нарын дунд явуулсан судалгаагаар багш нарын 99 хувь нь эцэг эх, сурагчдад дээрэлхүүлж байсан, 93 хувь нь зохих ёсны шийтгэл ногдуулсан ч үргэлжлүүлэн дээрэлхэлтэд өртсөн гэжээ.
Мөн 87 хувь нь өнгөрсөн жилээс эхлэн ажлаасаа гарах тухай бодож эхэлсэн бол 27 хувь нь сэтгэцийн эмчид хандан эмчилгээ хийлгэж эхэлсэн гэсэн судалгааны үр дүн гарчээ.
Тэгвэл багш нарын хийсэн энэхүү жагсаал үр дүнгээ өгч тус улсын Боловсролын яам тавьсан шаардлагыг нэн даруй хүлээн авч, шаардлагатай арга хэмжээ авахаа амлажээ. Одоогоор дөрвөн хууль баталж, шаардлагатай заалтуудад шинэчилсэн найруулга хийж байгаа тухай Засгийн газраас мэдээлсэн байна.