БНСУ-д амьдарч буй гадаад иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авав
Судалгаанд 25 мянган гадаад иргэн оролцжээ
80 хувь нь сэтгэл хангалуун байгаа ч гадуурхалтад өртсөн тохиолдлууд гарчээ
БНСУ-ын Статистикийн хорооноос тус улсад амьдарч буй гадаад иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авчээ. Үр дүнд 10 гадаад иргэн тутмын найм нь Солонгос дахь амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэсэн байна.
Тодруулбал судалгаанд оролцсон 25 мянган гадаад иргэний 41 хувь нь “бүрэн сэтгэл хангалуун” гэсэн бол 40 хувь нь “бага зэрэг сэтгэл хангалуун” гэсэн хариулт өгчээ.
Гэхдээ 20 орчим хувь нь Солонгос улсад ямар нэг байдлаар ялгаварлан гадуурхалтад өртсөн гэв. Тухайлбал дэлгүүр, хоолны газар, банкнуудад түлхүү ялгаатай харилцааг мэдэрсэн бол ажлын байран дахь гадуурхалт дараа нь орсон байна.
Ялгаварлан гадуурхалтад өртөж буй тэргүүлэх шалтгаан нь угсаа гарал буюу судалгаанд оролцогчдын 58 хувь, дараа нь солонгос хэлний бэрхшээл 28 хувь, гадаад үзэмж найман хувь байна.
2022 онд БНСУ-д гурван сар ба түүнээс дээш хугацаанд байгаа гадаад иргэдийн тоо 1.7 сая байжээ. Энэ нь өмнө жилийнхээсээ 6.2 хувиар өссөн үзүүлэлт аж.
Эх сурвалж: The Korea Times