Өмнөд Солонгосын том хотуудад бясаатай тэмцэх ажил эхэлжээ

2023-11-06 21:05

Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгос даяар бясааны тархалт эрчимжиж, Сөүл, Инчон, Бусан зэрэг хэд хэдэн хотод уг шавжийг устгах арга хэмжээ авч эхэлжээ.

Өмнөд Солонгост 1960-аад оны үед орон даяар устгал явуулсны үр дүнд бясааг бүрэн арилгасанд тооцож байсан юм.

Гэвч өнгөрсөн сараас Тэгү хотын их сургуулийн дотуур байр, Инчон хотын нийтийн саун зэрэг хэд хэдэн газарт илэрсэн байна.

Баасан гарагт Сөүл хотын захиргаа “бясаанаас бүрэн ангижирсан хот болох” төслийг эхлүүлжээ.

Энэ төслийн хүрээнд бясааны талаар мэдээлэл авах дуудлагын төв шинээр байгуулсан байна. Мөн метро, зочид буудлууд, нийтийн халуун усны газрууд, кино театрууд зэрэг олон хүн цуглардаг газруудад нэгдсэн ариутгал зохион байгуулахаар болжээ.

Анхны тохиолдол бүртгэгдсэн Инчон хотын захиргаа 48 нийтийн саун, 700 гаруй зочид буудалд ариутгал цэвэрлэгээний ажил эхлүүлсэн байна.

Нийтийн сауны газруудад сар бүр ариутгал хийх үүрэг өгч, биелүүлээгүй тохиолдолд захиргааны арга хэмжээ авахаар болжээ.

Солонгосын Халдварт Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх Төв гадаадаас бараа импортолдог компаниудад ариутгал цэвэрлэгээг хэрхэн явуулах талаар сургалт зохион байгуулахаар болсон байна.

“Гадаадад аялж буй хүмүүс аяллын хувцас, хэрэгслээ сайтар ариутгаж, байрлахаар төлөвлөсөн газартаа бясааны тархалт бүртгэгдсэн эсэхийг урьдчилж шалгах шаардлагатай” гэж тус төвийн захирал Жи Ён Ми мэдэгджээ.

 

Эх сурвалж: Korea Times

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх