Гэмт хэргийн “хорхойтон”, “шимтэн судлагч” гэж мөрдөгчдийн тодорхойлсон этгээдэд Өмнөд Солонгосын шүүх өчигдөр бүх насаар хорих ял оноожээ.
Тэрбээр нэгэн танихгүй эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэгтээ ийм шийтгэл хүлээсэн байна. “Сониуч зангийн улмаас” хүний амь хөнөөсөн гэж тэр мэдүүлж байжээ.
23 настай Жүн Юү Жүн нь гэмт хэргийн сэдэвтэй ном зохиол, цуврал кинонуудад хэт донтсон, психопатын тусгай сорилоор өндөр оноо авсан этгээд болохыг цагдаагийн байгууллага мэдээлсэн байна.
Энэ оны тавдугаар сард тэр интернэтээр танилцсан англи хэлний багш эмэгтэйг гэртээ ирүүлээд амь насыг нь хутгалан хөнөөж байжээ.
Ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өвөөтэйгөө хамт амьдардаг энэ эмэгтэй хэдэн сарын турш хохирогч болох хүнийг хайсны эцэст ийнхүү аллагаа үйлдсэн байна.
Тэрбээр 50 гаруй хүнтэй харилцаж, гэрээр хичээл заалгуулах сонирхлоо илэрхийлж байжээ.
Ингээд тэр тавдугаар сард дунд сургуулийн хүүхдэдээ гэрээр хичээл заалгах хүсэлтэй ээжийн дүрээр танилцсан 26 настай хохирогчийг гэртээ урьсан юм байна.
Хохирогчийг гэрт нь ирэхэд Жүн 100 гаруй удаа хутгалжээ. Хохирогч амьсгал хураасан ч тэр үргэлжлүүлэн хутгалсаар байсан гэнэ.
Дараа нь тэр хохирогчийн цогцсыг мөчилж, савлаад таксигаар Бусан хотын хойд захад оршдог голын эрэгт хүргээд хаясан байна.
Таксины жолооч цустай цүнх тээвэрлэж явсан эмэгтэйн тухай цагдаад мэдээлснээр тэр баривчлагдаж байжээ.
Жүн хүнийг хэрхэн алах, цогцсыг нь хэрхэн устгах тухай мэдээлэл олон сарын турш хайж, судалж байсныг мөрдөгчид компьютерт нь хадгалагдсан түүхээр тогтоосон байна.
Жүний аллагыг “Нийгэмд ямар ч шалтгаангүйгээр хохирогч болох вий гэсэн айдас төрүүлж, олон нийтийн дунд харилцан үл итгэх байдал үүсгэсэн” гэж Бусаны тойргийн шүүхийн дүгнэлтэд өгүүлжээ.
Зургаадугаар сард хэргээ хүлээсэн Жүн сэтгэцийн эмгэгийн улмаас аллага үйлдсэнээ тайлбарлаж, хөнгөн ял оноохыг хүсэж байсан байна.
Гэвч шүүх түүнийг гэмт хэргээ маш нарийн төлөвлөж, санаатай үйлдсэн гэсэн үндэслэлээр хүсэлтийг нь хүлээж авахаас татгалзжээ.
Өмнөд Солонгос улсад цаазын ял хүчинтэй хэвээр байгаа ч 1997 оноос хойш ганц ч удаа гүйцэтгээгүй байгаа юм. Жүнд оноосон бүх насаар хорих ял хамгийн хүнд шийтгэл юм байна.
Эх сурвалж: BBC