Өмнөд Солонгос гадаадын жуулчдын татварын буцаан олголтын хэмжээг хоёр дахин өсгөхөөр боллоо

2023-11-27 22:09

Өмнөд Солонгосын засгийн газар аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд гадаадын жуулчдын худалдан авсан барааны татварын буцаан олголтын хэмжээг хоёр дахин өсгөхөөр болсноо өнөөдөр зарлалаа.

Одоо тус улсад ирсэн гадаадын жуулчид тодорхой дэлгүүрүүдээс худалдаж авсан 500,000 хүртэл воны үнэтэй барааныхаа татварыг буцааж авдаг. Ингэж авсан бараануудын үнийн нийлбэрийн дээд хязгаар 2.5 сая вон байдаг юм.

Тэгвэл ирэх оны эхний өдрөөс эхлэн дээрх хязгаарууд нэг сая, таван сая вон болж, тус бүр хоёр дахин өсөхөөр болжээ.

“2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс татварын буцаалт авах нэг удаагийн худалдан авалтын дээд хязгаар нэг сая, нийлбэр хязгаар 5 сая вон болж байна” гэж өнөөдөр өглөө болсон эдийн засагтай холбоотой сайд нарын шуурхай хурлын үеэр Сангийн сайд Чу Кюн Хо мэдэгдсэн байна.

“Энэ алхам нь гадаадын жуулчдын худалдан авалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилготой” гэж сайд тайлбарлажээ.

Нисэх буудлын явах танхимд худалдаж авсан бараануудад татварын буцаалтын дээд хязгаар байхгүй юм байна.

Цар тахлын хоёр жилийн хугацаанд унаад байсан аялал жуулчлалын салбар энэ онд огцом сэргэж, 2023 оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс тав дахин олон буюу 4.43 сая жуулчин Өмнөд Солонгост иржээ.

2022 онд тус улсад нийт 3.2 сая жуулчин ирсэн нь 2019 оны 17.5 саяас огцом буурсан үзүүлэлт байв.

Өмнөд Солонгосын эрх баригчид 2024 онд гадаадын жуулчдын тоог 20 саяд хүргэх зорилт тавьжээ.

 

Эх сурвалж: Yonhap News

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх