ПЁНЬЯН, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /Yonhap/. Умард Солонгосын цэргийн тагнуулын хиймэл дагуул Цагаан ордон, Пентагон болон АНУ-ын тэнгисийн цэргийн баазын зогсоолд буй цөмийн хөдөлгүүрт, нисэх онгоц тээгч хөлөг онгоцнуудын зургийг авсан гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.
Удирдагч Ким Жөн Ун даваа гаргийн өглөө болон мягмар гаргийн үүрээр Пёньяны Үндэсний сансрын технологийн хөгжлийн газрын ерөнхий хяналтын төвөөс үйл ажиллагааны тайланг хүлээн авч танилцахдаа гэрэл зургуудыг үзсэн гэж дээрх мэдээнд дурдсан байна.
Тэрбээр даваа гаргийн 23:36 цагт хиймэл дагуулаас авсан Цагаан ордон болон Пентагоны зургийг үзжээ. Мөн тагнуулын хиймэл дагуул даваа гаргийн 23:35 цагт Норфолкийн тэнгисийн цэргийн бааз, “Newport News” хөлөг онгоцны үйлдвэр, Виржиниагийн нислэгийн талбайн зургийг авсан байна.
Тэдгээр зурган дээр АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний цөмийн хөдөлгүүрт, нисэх онгоц тээгч дөрвөн хөлөг онгоц болон Британийн нисэх онгоц тээгч нэг хөлөг онгоц харагдаж байсан гэж KCNA мэдээлжээ.
Умард Солонгосын тал өнгөрсөн долоо хоногийн мягмар гаргийн шөнө “Маллигён-1” тагнуулын хиймэл дагуулыг шинэ төрлийн “Чоллима-1” пуужингаар хөөргөсөн юм. Тус улс ойрын хугацаанд дахин хэд хэдэн хиймэл дагуул хөөргөнө гэдгээ мэдэгдээд байна.
Хиймэл дагуулыг амжилттай хөөргөснөөс хойш Өмнөд Солонгос дахь болон АНУ-ын Гуам, Хавай арал дахь цэргийн томоохон байгууламжуудын зургийг авсан гэж Пёньян мэдэгдсэн юм. Гэхдээ хиймэл дагуулын холбогдох зургуудыг нийтлээгүй байна.
Хиймэл дагуулд “нарийвчилсан тохиргоо” хийж байгаа бөгөөд энэ ажил төлөвлөсөн хугацаанаас нэгээс хоёр хоногоор түрүүлж байна гэж Умард Солонгосын тал даваа гарагт мэдээлжээ. Тус улс өмнө нь “Маллигён-1” баасан гаргаас албан ёсоор ажиллаж эхэлнэ хэмээн мэдэгдсэн байна.
Хиймэл дагуул тойрог замд орсон боловч хэвийн ажиллаж байгаа эсэхийг нь анхааралтай хянан ажиглаж байна гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгджээ.