БНСУ-ын Хууль зүйн яамнаас Монгол Улсын иргэдэд богино хугацааны нэг удаагийн С-3 ангиллын болон олон удаагийн виз олгох журамд өөрчлөлт оруулж, хүрээг нь нэмэгдүүлснийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гу танилцууллаа.
Визийн журмын өөрчлөлтийг 11 дүгээр сарын 20-ноос албан ёсоор хэрэгжүүлж эхэлжээ.
Журмын өөрчлөлтөөр БНСУ-д коллежоос дээш хөтөлбөр дүүргэсэн эсвэл бусад улсад Магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой болж байна.
Өмнө нь мөрдөгдөж байсан журмаар БНСУ-д Бакалавраас дээш болон бусад улсад Магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой байсан юм.
Мөн нөхөр, эхнэр эсвэл шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь БНСУ-д урт хугацаагаар буюу нэг жилээс дээш хугацаагаар оршин сууж буй иргэн, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн оронд зорчих визтэй болон зорчиж байсан иргэдэд олон удаагийн виз олгохоор болжээ.
Түүнчлэн Богино хугацааны аяллын С-3 ангиллын нэг удаагийн визийн оршин суух хугацаа 90 хоног, хүчинтэй хугацаа нэг жил байсныг оршин суух хугацааг хэвээр үлдээж, хүчинтэй хугацааг нь гурван жил болгон сунгаж байна.