Өмнөд Солонгос, АНУ, Япон пуужингийн мэдээлэл солилцох систем нэвтрүүлжээ

2023-12-20 09:25

Хойд Солонгос өнгөрсөн мягмар гарагт хатуу түлшээр ажилладаг тив алгасагч баллистик пуужин (ICBM) харвасныг баталлаа.

БНАСАУ-ын төрийн мэдлийн Солонгосын төв мэдээллийн агентлагаас тодруулахад 12-р сарын 18-нд хөөргөсөн ICBM нь хамгийн сүүлийн үеийн загвар болох Hwasong-18 цуврал байсан бөгөөд  хөөрсөн дээд өндөр 6518.2 км-т хүрч, 1002.3 километрийн зайд ниссэн байна. 

Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер АНУ сүрдүүлэгт шууд хариу өгөхгүй гэж мэдэгдсэн ч "БНСУ, Япон хоёрыг хамгаалах амлалт нь хэвээр байна. Бид БНАСАУ-д дипломат арга барилаа баримталсаар байгаа бөгөөд БНАСАУ-ыг яриа хэлэлцээ хийхийг уриалж байна. Бид БНАСАУ-д дайсагнасан санаагүй" хэмээлээ. 

ICBM пуужин хөөргөсний дараа АНУ, Өмнөд Солонгос, Япон гурван талт бодит цагийн пуужингийн сэрэмжлүүлгийн мэдээлэл солилцох системийг идэвхжүүлсэн гэж Өмнөд Солонгосын  Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдэгдэв.

Энэхүү систем нь Хойд Солонгосын пуужингийн талаарх бодит цагийн гурвалсан мэдээллийг солилцох боломжийг олгодог бөгөөд энэ нь хөөргөх цэгийн тооцоо, нислэгийн зам, урьдчилан таамагласан нөлөөллийн цэг гэсэн гурван үндсэн зүйлийг хамардаг. Энэхүү мэдээлэл нь Хойд Солонгосын пуужин хөөргөсөн цагаас эхлэн тусах хүртэл нь хуваалцаж байна гэж тус яам мэдэгдэв.

Өмнө нь Өмнөд Солонгос, Япон хоёр Хойд Солонгосын пуужингийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг зөвхөн АНУ-аар дамжуулан солилцдог байсан нь мэдээлэл солилцох нь удааширч, шуурхай болон синхрончлолын хариу өгөх чадварыг удаашруулж байсан.

Бодит цаг хугацаанд мэдээлэл солилцохыг хэрэгжүүлснээр холбоотнуудын хариу үйлдлийг сайжруулах боломжтой болжээ.

Мягмар гарагт болсон засгийн газрын хуралдааны үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёел, "Бид ард түмэн маань Хойд Солонгосын цөмийн аюулын талаар санаа зовохгүйгээр эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд хүчтэй дэмжлэг үзүүлэх болно."

Мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёел Хойд Солонгост анхааруулга өгч, "Пхеньян энэ үйлдэл нь өөрсдөдөө илүү их зовлон авчрах болно гэдгийг ойлгох хэрэгтэй ” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: N Korea confirms ICBM launch, vows ‘assertive’ nuclear stance — Radio Free Asia (rfa.org)

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх