БНАСАУ-ыг өдөөн хатгавал хариу цохилт өгөхөд бэлэн гэв

2023-12-22 15:26

Цөмийн зэвсгээр өдөөн хатгасны хариуд Пёньян цөмийн дайралт хийхээс буцахгүй гэдгийг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун мэдэгджээ.

Тус улсын эрх баригч Хөдөлмөрийн намын Rodong Sinmun сонинд пүрэв гарагт мэдээлснээр, Ким Жөн Ун “Хвасон-18” пуужин хөөргөх сургуулилалт хийсэн пуужингийн товчоонд лхагва гарагт баяр хүргэх үеэрээ ийнхүү хэлсэн байна.

Дайснууд цөмийн зэвсгээр өдөөн хатгасан тохиолдолд манай улс ямар ч эргэлзээгүйгээр цөмийн зэвсгээр хариу цохилт өгч чадна гэдгийг энэ удаагийн сургуулилалт харууллаа хэмээн Ким Жөн Ун хэлжээ. Түүнийг охин нь дагалдан явсан байна.  

“Хвасон-18” бол Умард Солонгосын хатуу түлшээр ажилладаг, тив алгасагч анхны пуужин юм. Умардын тал уг сургуулилалтыг даваа гарагт хийсэн гэж мэдэгджээ.

Өнгөрсөн онд Пёньян цөмийн зэвсгийг өрсөж ашиглахыг зөвшөөрсөн хуулийг баталсан бөгөөд лхагва гарагт хэлсэн Ким Жөн Уны үг эл байр суурийг бататган нотоллоо.

Умард Солонгосын тал тив алгасагч баллистик пуужин харвасны дараа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл яаралтай хуралдсантай холбогдуулан Ким Жөн Уны дүү Ким Ё Жон пүрэв гарагт мэдэгдэл хийжээ. Тэрбээр Пёньяныг тогтоон барих хүчээ бэхжүүлж буй Вашингтон, Сөүлийн эсрэг чиглэсэн байр сууриа тодорхой илэрхийлсэн байна.

Эх сурвалж:NHK

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх