Өмнөд Солонгосын Засгийн газар 2027 он гэхэд нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг бүр мөсөн хориглох хуулийг баталлаа.
Залуучууд нохойн махыг хүнсэнд хэрэглэхээс татгалзаж буй энэ цагт тус хуулиар дамжуулан нохойн махыг хоол хүнсэнд хэрэглэдэг хуучин ёсыг халах зорилготой байгаа юм.
Ингэснээр шинэ хууль хэрэгжиж эхэлмэгц нохойг хүнсэнд хэрэглэх зориулалтаар өсгөн үржүүлэх, нядлах зэрэг үйлдэл хориотой болно. Үүнийг зөрчсөн хүмүүс хуулийн дагуу шоронд хоригдох ял хүлээх аж.
Тодруулбал нядалгааны зориулалтаар өсгөн үржүүлж, бусдад худалдаалсан бол хоёр жил хүртэл, нохойг нядалсан бол гурван жил хүртэл шоронд хоригдох юм байна.
Шинэ хууль гурван жилийн дараанаас хэрэгжиж эхлэх бөгөөд энэ хугацаанд нохойн махаар хоол хийдэг хоолны газрууд орлогын өөр эх үүсвэр олж, төлөвлөгөөгөө танилцуулах ёстой гэв.
2023 оны байдлаар БНСУ-д нохойн махаар хоол хийдэг 1600 гаруй хоолны газар, 1150 нохойн ферм байжээ.
Өмнөх Засгийн газрууд хэд хэдэн удаа нохойн махны хэрэглээг хориглохоор оролдож байсан ч хууль батлах хэмжээнд хүрч байгаагүй. Солонгосын амьтанд хайртай, амьтан хамгаалагч нар уг хуулийг ихээхэн дэмжсэн юм.
Эх сурвалж: The Korea Times