БНАСАУ-ын удирдагч өчигдөр 40 нас хүрсэн байж болзошгүй гэж ВВС мэдээлэв. Учир нь түүний төрсөн он сар өдөр тодорхойгүй байдаг. 2011 онд засгийн эрхийг авсан энэ хүний талаар олон мэдээлэл өнөөг хүртэл нууц хэвээр байна.
Оксфордын их сургуулийн Улс төрийн тэнхимийн багш Эдвард Хоуэлл “Ким Жон Уны төрсөн оны талаар хэд хэдэн таамаг бий. 1982, 1983, 1984 онд төрсөн гэж судлаачид таамагладаг. Нэгдүгээр сарын 8 тус улсад энгийн ажлын өдөр. Түүний аав Ким Жон Илийн төрсөн өдрийг (2-р сарын 16) Гэрэлтэж буй одны өдөр гэж нэрлэдэг. Харин одоогийн удирдагчийн өвөө болох Ким Ил Сунгийн төрсөн өдрийг (4-р сарын 15) Нарны өдөр хэмээн тэмдэглэдэг. Ким Жон Уны гэр бүлийн талаар ч бид их зүйл мэдэхгүй. Тэрээр хэд хэдэн дүүтэй ч нэг нь 2017 онд Малайзад алуулсан. Ким Жон Ил дөрвөн эхнэртэй байсан ч түүний хувийн амьдрал мөн л нууц" гэжээ.
Ким Жон Уны ээжийг Ко Юн Хуи гэдэг. Тэрээр Японд төрсөн, 1960-аад онд бүжигчнээр ажиллахаар Хойд Солонгост иржээ. Түүний 1973 онд Японд очиж авахуулсан зураг нь 2018 онд ил болсон байна.
Ким Жон Уны эхнэрийн тухайд?
Бас л хангалттай мэдээлэл байхгүй. Эхнэр Ри Сол Жу-тай хэзээ гэрлэсэн нь тодорхойгүй тул 2009 онд гэрлэсэн гэх таамаг бий. Ри Сол Жу гэх нэртэй Хойд Солонгосын уран бүтээлч байдаг ч тэр хүн одоогийн удирдагчийн эхнэр мөн өсөхийг баталгаажуулж чадаагүй байна. Ри Сол Жу 2005 онд Азийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Хойд Солонгосын багтай хамт БНСУ-д ирсэн, хятадад дуучны мэргэжил эзэмшсэн гэсэн мэдээллүүд бий.
Хосууд гурван хүүхэдтэй байх магадлалтай. Хүүхдүүд нь 2010, 2013, 2016 онд төрсөн гэж судлаачид үздэг. 2016 онд Ри Сол Жу удаан хугацаагаар олны өмнө гараагүй. Иймд түүнийг жирэмсэн болсон гэх таамаг дэвшүүлсэн ч тэрээр хүүхэд төрүүлсэн, эсэх нь батлагдаагүй. Мөн Ким Жон Унд хүү байдаг, эсэх нь ч тодорхойгүй.
Одоо арван настай охин Ким Жу Э нь хэд хэдэн удаа аавтайгаа хамт олны өмнө гарсан. Түүнийг дараагийн удирдагч мөн гэж үзэх нэгэн байхад үүнтэй санал нийлдэггүй судлаачид ч бий. Оксфордын их сургуулийн Улс төрийн тэнхимийн багш Эдвард Хоуэлл “Ким Жон Ун сайн аав, тусархаг хүн гэж харагдахын тулд охинтойгоо хамт зарим үйл ажиллагаанд оролцсон. Охин одоогоор жаахан байгаа тул түүнийг залгамжлагч гэж үзэхэд эрт. Харин Ким Жон Уны охин дүү илүү туршлагатай, танил тал ихтэй, нөлөөтэй” гэжээ.
Эх сурвалж: ВВС