БНАСАУ-ыг ажиглах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой дунд өндрийн тагнуулын нисгэгчгүй онгоцыг үйлдвэрлэж эхэллээ гэж Өмнөд Солонгосын зэвсэг худалдан авах газар (DAPA) мэдээлжээ.
Тус байгууллага Korean Air корпорац, LIG Nex1, Hanwha Systems компаниудтай хамтран 2028 он хүртэл нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх 353 сая ам.долларын гэрээг 12 дугаар сард байгуулсан юм. Энэхүү төслийг 2008 онд эхлүүлсэн бөгөөд нисгэгчгүй онгоцыг зохион бүтээх ажил 2022 онд дууссан байна.
Эл нисгэгчгүй онгоц нь 10-12 км-ийн өндөрт нисэж чадах ба хоёр далавчны нийт урт нь 25 метр ажээ. Харин их биеийн урт нь 13 метр, өндөр нь 3 метр бөгөөд Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний зэвсэглэлд 2027 онд хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байна. DAPA мөн “нисгэгчгүй онгоцны зах зээл өсөн тэлж” байгаатай холбоотойгоор эл аппаратыг экспортод гаргана гэж найдаж байгаа ажээ.