БНСУ-ын барилгын компани ажилчдынхаа шинэ төрүүлсэн хүүхэд бүрийг $75,000-аар шагнадаг болжээ

2024-02-08 15:32

Өмнөд Солонгосын барилгын томоохон компани Booyoung Group улсынхаа хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор 2021 оны нэгдүгээр сараас хойш мэндэлсэн ажилчдынхаа хүүхэд бүрд 100 сая вон ($75,000) олгох шийдвэрийг өчигдөр зарлажээ.

Уг өглөгт заасан хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл хүүхэдтэй болсон тус компанийн 70 эрэгтэй, эмэгтэй ажилчин хамрагдаж, компани нийт 7 тэрбум вон зарцуулсан байна.

Booyoung Group энэ хөтөлбөрөө цаашид тогтмол үргэлжлүүлэхээс гадна гурав дахь хүүхдээ төрүүлсэн ажилчин бүрд 300 сая воны нэг удаагийн тэтгэлэг, эсвэл 85 м.кв хүртэл талбайтай түрээсийн орон сууцанд байнга суух хоёр сонголтын аль нэгийг өгөхөөр болжээ.

Энэ нь Өмнөд Солонгосын компаниудын түүхэнд анх удаа шинээр хүүхэдтэй болсон ажилчдаа санхүүгээр урамшуулсан хөтөлбөр болж байгаа гэнэ.

“Төрөлт буурч байгаа өнөөгийн нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл манай улс 20 жилийн дараа мөхөх эрсдэлтэй байна. Манай компани ажилчдынхаа гэр бүлд тулгарч буй бэрхшээлийг хөнгөвчлөх зорилгоор урьд өмнө байгаагүй шинэ урамшууллыг хэрэгжүүллээ” гэж Booyoung Group-ийн ерөнхийлөгч И Жүн Кюн мэдэгджээ.

Өмнөд Солонгосын төрөлтийн түвшин буюу эмэгтэйчүүдийн амьдралынхаа турш төрүүлэх хүүхдийн дундаж тоо 2022 онд 0.78 болсон нь бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад хамаагүй доогуур үзүүлэлт юм.

Тус улсын хүн амын тоог 50 саяас доош бууруулахгүй байлгахын тулд дээрх түвшин 2.1-ээс доошгүй байх шаардлагатай байгаа.

Солонгосын статистикийн газрын тоо баримтаас үзвэл шинээр мэндэлсэн хүүхдийн тоо 2022 онд 250,000 байсан бол 2025 онд 220,000, 2072 онд 160,000 хүрч буурахаар байна.

 

Эх сурвалж: Yonhap News

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх