БНСУ-ын Элчин сайдын яам 3 сарын 1-ний тусгаар тогтнолын өдрийг угтан эх орныхоо төлөө амь биеэ зориулсан тэмцэгчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн, эх оронч сэтгэлгээ, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулж, үргэлжлүүлэн хөгжүүлэх зорилгоор 3.1(баасан)-ний өдөр Элчин сайдын яамнаа хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулав.
Энэ онд 105 жилийн ой нь тохиож буй 3 сарын 1-ний тусгаар тогтнолын өдөрт зориулсан энэ удаагийн арга хэмжээний үеэр БНСУ-д зохион байгуулагдсан арга хэмжээг шууд дамжуулсан бөгөөд энэхүү өдөр Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэг, Солонгосын бизнес эрхлэгчдийн холбоо болон бусад Солонгос иргэдийн төлөөллөөс бүрдсэн 50 гаруй төлөөлөл оролцож, 3 сарын 1-ний тусгаар тогтнолын өдрийн ач холбогдлыг эргэн дурсаж өнгөрүүлэв.
Уг өдөр Сөүл хотноо зохион байгуулагдсан 3 сарын 1-ний хүндэтгэлийн арга хэмжээнд БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль оролцох үеэрээ “Тусгаар тогтнолын тунхаглалын үндэс нь өөрөө эрх чөлөөний үзэл юм” хэмээгээд “Энэхүү оюун санааны үзэл баримтлалыг үргэлжлүүлэн БНСУ нь эрх чөлөө, хөгжил цэцэглэлтийг цогцлооход олон улсад чухал байр суурь бүхий улс болон хөгжиж байна” хэмээн дурдсан юм.
Түүнчлэн Ерөнхийлөгч Юн Сог Ёль БНСУ-Японы харилцааны талаар “манай хоёр орон гашуун түүхийг ардаа орхин шинэ цаг үеийг чиглэн хамтдаа урагшилж байгаа бөгөөд эрх чөлөө, хүний эрх, хуульт засаглал хэмээх нийтлэг үнэт зүйлсүүд дээр тулгуурлан хамтын эрх ашгийг эрмэлзсэн, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллах түншүүд болсон” хэмээн онцолсон юм. Тэрбээр мөн “Ирэх онд тохиох БНСУ, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд илүү бүтээлч, бодит харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлнэ хэмээн найдаж байна” гэсэн юм.
Мөн тэрбээр Хойд Солонгостой холбогдуулан “Хойд Солонгосын бурангуй засаглал, хүний эрхийг уландаа гишгэж буй явдал нь хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлстэй харшилж буй хэрэг юм”, “Эрх чөлөө, хүний эрх хэмээх нийтлэг үнэт зүйлсийг дэлгэрүүлэх нь өөрөө жинхэнэ нэгдэл мөн” хэмээсэн юм. Мөн үргэлжлүүлэн тэрбээр хоёр орны нэгдлийн талаар дурдахдаа“ Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хариуцлагатайгаар хүчээ нэгтгэн, хамтарч ажиллах хэрэгтэй бөгөөд эрх чөлөө, эв нэгдэлд тэмүүлсэн БНСУ нь Зүүн Хойд Ази төдийгүй Энэтхэг-Номхон далайн бүс болон даян дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах болно” гэсэн юм.