Мягмар гарагт Сөүл хотод зохион байгуулагдсан олон улсын хурлын үеэр Өмнөд Солонгосын геологийн хүрээлэн Казахстан, Монголд хэрэгжүүлж байгаа төслүүдийнхээ явцын талаар танилцуулжээ.
Тухайлбал дорнод Казахстаны нутагт өнгөрсөн онд 1.6 хавтгай дөрвөлжин километр талбайг эзэлсэн литийн орд илрүүлж, олборлох ажлыг ирэх оноос эхлүүлэхээр төлөвлөснөө Солонгосын Геологи, Эрдэс Баялгийн Хүрээлэн (KIGAM) мэдээлсэн байна.
Өнгөрсөн оны тавдугаар сард өмнө нь тантал олборлож байсан энэ талбайд литийн хайгуул явуулах хүсэлтийг Казахстаны засгийн газарт тус хүрээлэнд гаргаж байжээ.
Тантал элемент ихэнхдээ лити болон цезийн нөөцтэй зэрэгцэн оршдог юм байна.
Лити нь өнөөдөр цахилгаан хөдөлгүүрт автомашины батарейн чухал түүхий эд болоод байгаа.
Казахстанд нээгдсэн ордын нөөцийг 21 их наяд вон ($15.7 тэрбум) гэж KIGAM үнэлжээ.
Эндээс илэрсэн литийн агуулга 5.3 хувь хүртэл байгаа нь нэлээд сайн үзүүлэлт гэнэ. Тухайлбал Австралийн баруун бүсэд олборлодог литийн агуулга 2.1 хувьтай байдаг гэнэ.
KIGAM өчигдөр бас Монгол улсын баруун хязгаарт никелийн хайгуул явуулж байгаагаа мэдээлжээ.
Энэ нь хоёр улсын засгийн газар хооронд өнгөрсөн онд байгуулсан газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй төсөл юм байна.
“Бид өөрийн өндөр технологийн үйлдвэрлэлийг дэмжих Төв Ази, Зүүн Өмнөд Ази, Зүүн Хойд Ази, Африкийг хамарсан нийлүүлэлтийн шинэ сүлжээг байгуулах зорилготой ажиллаж байна” гэж KIGAM хүрээлэнгийн ерөнхийлөгч И Пён Ко хурлын үеэр хэлжээ.