Умард Солонгосоос өнөө өглөө харвасан баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан байж болзошгүй гэж Японы Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Нисэх онгоц, хөлөг онгоцонд ямар нэгэн хохирол учирсан талаарх мэдээлэл байхгүй гэж Японы Засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.
Умард Солонгосын тал Япон тэнгис рүү дунд зайн тусгалтай баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын армийн командлал мэдэгдсэн байна. Тодруулбал, өглөөний 6:53 цагийн үед Пёньян хотын орчмоос пуужин харвасныг илрүүлжээ.
Японы Засгийн газрын зүгээс Умард Солонгост эсэргүүцэл илэрхийлснийг Ерөнхий сайд Кишида Фүмио мэдэгдээд, тус улс баллистик пуужин хөөргөж байгаа нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн үйлдэл гэж мэдэгдлээ.
“Энэ бол манай улсын төдийгүй бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн аюулгүй байдалд хамаатай асуудал юм. Ийм үйлдлийг огтхон ч хүлээн зөвшөөрөх аргагүй” гэж К.Фүмио сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Япон улс бүс нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө АНУ, Өмнөд Солонгостой хамтран ажиллах болно гэж тэрбээр нэмж хэллээ..