БНСУ дахь хууль бус гадаад иргэдийг баривчлах ажиллагаа энэ оны дөрөвдүгээр сарын 15-аас зургаадугаар сарын 30 хүртэл 77 хоног эрчимтэй явагдах болсон талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж буй.
Тэгвэл уг баривчлах ажиллагаанд БНСУ-ын Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам, Далайн эргийн хамгаалалтынхан хамтарч ажиллах юм байна. Ингэхдээ ихэвчлэн шөнийн цэнгээний газар, караоке, барилгын салбарт хууль бусаар хөдөлмөр эрхлэлт болон ажил зуучлал, дүрвэгсдийн G-1 визэнд зуучлагчид зэрэг гадаад иргэдийн хууль бус гэмт хэргийг шалгахаар болжээ.
Өөрөөр хэлбэл БНСУ-д аялах G-3 болон G-9 визээр нэвтэрч зуучлагчдаар дамжуулан визээ G-1 буюу түр орогнох визээр солиулсан иргэд болон тэднийг зуучлагчдыг баривчлах ажиллагааг эрчимжүүлж, ажиллах эрхгүй гаднын иргэдэд ажил олгож буй хувь хүн байгууллагыг шалгахаар болжээ.