БНСУ-ын Сөүл хотын захиргааны эмэгтэй ажилтнуудын зургийг зөвшөөрөлгүй авч, өөрийг нь саатуулсан цагдаагийн биед халдсан монгол жуулчныг баривчилжээ.
Тодруулбал, "Сөүл хотын Намдэмүн цагдаагийн газраас энэ сарын 22 /2024.11.22/-ны өдөр мэдээлснээр албан үүргээ биелүүлэхэд нь саад учруулсан, нийтийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэх хэргээр 30 гаруй насны Монгол эрэгтэй А-г баривчилсан" талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ.
Монгол Улсын иргэн А-г энэ сарын 19 /2024.11.19/-ний өдрийн 13:20 цагийн орчимд Сөүл хотын захиргааны байранд эмэгтэй ажилчдын зургийг зөвшөөрөлгүй авч байхад нь саатуулсан бөгөөд улмаар баривчилсан гурван цагдаагийн биед халдсан хэрэгт буруутгаж байгаа аж.
Мөн уг монгол иргэн саатуулагдаж байхдаа цагдан хорих байранд эмх замбараагүй байдал үүсгэсэн тул тус улсын цагдаа нар түүнийг нийтийн өмчид хохирол учруулсан гэх хэргээр нэмж ялласан байна. Тухайн үед шинжилгээ авахад А нь бага зэргийн согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Одоогийн байдлаар монгол иргэнийг саатуулж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: Mobile news