Казахстан улс орон даяар хоёр дахь удаагаа хорио цээрийн дэглэм тогтоож буй дэлхийн анхны улс боллоо хэмээн ВВС агентлаг дамжууллаа. Өчигдрийн байдлаар коронавирусийн 47171 тохиолдол бүртгэгдсэн талаар coronavirus2020.kz сайтад дурджээ.
Үүнээс 15556 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 188 хүн коронавирусийн улмаас нас бараад буй юм. Гэхдээ нас барсан хүмүүсийн тухай мэдээлэл өнгөрсөн зургаадугаар сарын 29-ний өдөр Казахстаны Эрүүл мэндийн яамнаас өгсөн тоон мэдээлэл юм. Учир тус улсын эрх баригчид коронавирусийн талаарх мэдээллийг өдөр бүр шинэчлэхээ зогсоож, долоо хоногт ганцхан удаа нийтэлж байх шинэ журам гаргасантай холбоотой юм.
Казахстан улсад дахин хөл хорио тогтоосонтой холбогдуулан өчигдрөөс эхлэн нийтийн тээврийг хязгаарласан бөгөөд гурваас дээш хүн нэгэн зэрэг нийтийн тээврээс үйлчлүүлэх, бөөгнөрөл үүсгэхийг хориглосон байна.
Түүнээс гадна спортын ордон, үйлчилгээ худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсоож, хурим найр, хурал уулзалт зэрэг олон нийтийн үйл ажиллагаа явуулахыг хориглов.
Казахстан улс өмнө нь гуравдугаар сарын 16-наас тавдугаар сарын 11 хүртэл улс орон даяар хорио цээрийн дэглэм тогтоож байсан юм. Тухайн үед коронавирусийн халдварын тохиолдол тав дахин бага буюу 9000 байсан. Үүний дараа тус улсын эрх баригчид вирусийн халдварыг хяналтандаа авсан хэмээн үзэж хөл хорионы дэглэмийг цуцалсан билээ.
Эх сурвалж: BBC