Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хурлаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, есдүгээр сарын 1-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх саналыг гаргав.
Олон улсад коронавирусийн халдвар дэгдсэний улмаас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хөл хорионы дэглэм тогтоож, сургууль, цэцэрлэгүүдийг хаасан юм.
БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн УОК-ын хуралдааны дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр:
"Өнгөрсөн хугацаанд нийт 75 өдрийн цахим хичээл явуулж дуусгасан. Хичээлийн шинэ жилийг эхлүүлэх саналыг УОК-т танилцууллаа. Маргаашийн ЗГ-ын хурлаар мөн танилцуулна. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах 2-5 насны 350 мянган хүүхэд, ЕБС-д 682 мянган хүүхэд, их дээд сургуульд 150 мянган оюутан суралцахаар байгаа. Маргааш тусгайлсан хэвлэлийн бага хурал зохион байгуулна" гэлээ.
УОК-оос гаргасан дээрх саналыг маргааш болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэх юм байна. Мөн хичээлийг зайнаас эсвэл танхимын аргаар явуулах уу гэдэг нь тодорхойгүй байна.