Л.Цэдэвсүрэн: ЕБС-иуд цаашид дөрөв биш гурван улирлаар хичээллэх болсон

2020-07-29 09:53

Ирэх хичээлийн жилд ЕБС, цэцэрлэг болон их, дээд сургууль, коллежийн сургалтыг хэрхэн явуулах талаар Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайд Л.Цэдэвсүрэнгээс тодрууллаа.

-БШУСЯ ирэх хичээлийн жилд сургалтыг хэрхэн эхэлж, явуулах хувилбар боловсруулсан бэ. Улсын сургууль, цэцэрлэгийн нэг ангид 40-50 хүүхэд сурдаг шүү дээ?
-Ангиар нь зааглах асуудал Засгийн газрын хуралдаанд оруулахгүй. Харин ЕБС, цэцэрлэг, их дээд сургууль, коллежийн хичээл хэзээ орох тухай  хугацаа заасан саналаа маргааш Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдвэрлүүлнэ. Долоодугаар сарын 23-ны өдөр Шадар сайдын дэргэд салбар салбарын төлөөлөл багтсан Ажлын хэсэг байгуулагдаж, хичээлийн шинэ жилийг хэзээ, ямар зохион байгуулалт, хувилбараар эхлүүлэх талаар судалж, саналаа маргааш Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Хичээлийг хэрхэн, яаж нээх судалгааг Монголдоо төдийгүй, улс орнуудад ямар арга хэмжээ авч байгааг судалсан. Энэ талаар ЮНЕСКО-той хэд хэдэн уулзалт хийлээ. Одоогоор дэлхийн 26 орон янз бүрийн хэлбэрээр хичээлээ эхлээд байна.

Хэрэв 9-р сарын 1-нд хичээл эхлэхгүй бол ирэх хичээлийн жилийн нэгдүгээр улиралд ЕБС, цэцэрлэгт орох бүх ангийн хичээлийг цахим хувилбараар бэлтгэсэн байгаа. 

-Хувийн сургууль, цэцэрдлэгийн сургалтын төлбөрийг бүтэн жилээр төлсөн ч сургалтын агуулгыг гүйцэд аваагүй гэх гомдол мэдүүлж эцэг, эхчүүд төлбөрийг улирал, сараар өгөх санал гаргаж байна. Үүн дээр салбарын яамнаас ямар нэг зохицуулалт хийх боломжтой юу?
-Хувийн цэцэрлэг, сургуулийн төлбөрийн асуудлаар холбоодуудтай нь хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Эцэг, эхчүүдэд дарамт учруулахгүй байх зохицуулалт хийхээр ярилцаж байна.

-БШУСЯ-наас Засгийн газарт ямар хувилбар танилцуулах гэж байна вэ?
-Хувилбарыг маргааш ЗГ-ын хуралдааны дараа танилцуулна. Бага, дунд боловсролын тухай хуульд хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нд эхэлнэ гэж заасан. Их, дээд сургуулийн хувьд хичээл эхлэх хугацааг заасан хуулийн зохицуулалт байхгүй. Хичээлийг эхлүүллээ гэж бодоход бөөгнөрөл үүсгэхгүй байхаар хувилбаруудыг судалж байна.

-Багш нар хэзээ ажилдаа орох вэ?
-Багш нарын ээлжийн амралт наймдугаар сарын 15-наар дуусаж, ажилдаа орно. Багш нар маань ирэх хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах, сургалт хийх зэрэг ажлууд байдаг. Урьдчилсан байдлаар ирэх хичээлийн жилд ЕБС болон цэцэрлэгт нэгдүгээр улиралд орох бүх ангийн хичээлийг цахим хувилбараар бэлтгэсэн. ЕБС-ийн улирлын амралтын бүтэц өөрчлөгдөж, гурван улиралтай болголоо. Монгол Улсын цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан ЕБС-ийг гурван улиралтай болгох асуудлыг хоёр жилийн өмнөөс судалж эхэлсэн. Монголд өвлийн цагт ханиад томуу ихэсдэг, хаврын мал төллөлт зэрэг манай орны онцлог нөхцөлийг харгалзан гурван улиралд шилжүүлсэн. Жишээлбэл, нэгдүгээр улирал 9-р сарын 1-нээс 12 дугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлээд, өвлийн хоёр сарын амралт эхэлнэ. 

-Хэрэв хичээл 9-р сарын 1-нд орохгүй хойшиллоо гэж бодвол цахим хичээлийг явуулна гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Цахим хичээл бэлэн байгаа.  

Цахим хичээлийн чанар ямар болов? гэсэн дотоодын судалгааг ЮНЕСКО хийж байна.Дүнг ирэх долоо хоногт танилцуулна. 

-Өнгөрсөн хичээлийн жилийн сургалтын чанарт ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?
-Өнгөрсөн хичээлийн жилд бүх хичээлийг богиносгосон цагаар заасан. Маш богино хугацаанд хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн нь бидний амжилт. Цахим хичээлийн чанар ямар болов? гэсэн дотоодын судалгааны ажлыг ЮНЕСКО-гоор хийлгэж байна. Бидний явуулсан цахим сургалт ЮНЕСКО-гийн гишүүн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн эсэх зэргээр судалгаа хийж байгаа. Дүнг ирэх долоо хоногт танилцуулна. Тэр судалгаа өргөн хүрээнд хийгдэж буй учир чанарын асуудал яригдана.

-Жишээлбэл, Нэгдүгээр ангийнхан өнгөрсөн хичээлийн жилд үсгээ дутуу үзээд амарч, үргэлжлэн цахим хичээл орсон. Гэвч уншиж, бичиж сурсан эсэх нь эргэлзээтэй. Тэр хүүхдүүд хоёрдугаар ангид ороод ямар хичээл үзэх бол?
-Зургаадугаар сарын 1-нд хичээл дуусахад, үргэлжлүүлэн долоодугаар сарын 15-ныг хүртэл сургалтын тодорхой хэмжээний хоцрогдол бий болсон байгааг тооцоолж буй учир нэг сарын хичээл хоцрогдолтыг нөхөх төлөвлөгөө гарган, түүнтэй холбоотой бүх сургалтын хөтөлбөрийг шинэчлэх гаргаж, хэвлээд бэлэн болгосон. Тэгэхээр хичээл эхлэхэд эхний нэг сарын хугацаанд өнгөрсөн жилийн хичээл хоцрогдолтыг нөхөх сургалтыг хийнэ. Үргэлжлүүлээд шинэ хичээлийн жилийн сургалт орно.

Эх сурвалж: Gogo.mn

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх