-Маргааш есдүгээр сарын нэгэн. Гэхдээ би хүүхдээ сургуульд нь явуулахгүй-
Тэд дэр нойтон хонож, дээлийнхээ ханцуйг нулимсаар норгож сууна. Сэтгэл эмзэглэж, дотор нь хөндий оргих агаад энэ бүх сөрөг мэдрэмжийн эхлэл нь Өвөрмонголын өөртөө засах орны сургуулиуд нэгдүгээр ангид анхлан үздэг хэл бичгийн хичээлээр хятад хэлийг судлах болсонтой холбоотой аж.
Ярьж байхдаа хоолой нь зангиран, хэсэг чимээгүй болно. “Үнэхээр хүнд байдалд байна” хэмээн учирлан тайлбарлана. Түүний нэрийг Цэцгээ хэмээн хийсвэрлэн орлуулъя. Ард нь учирч болох эрсдэлээс түүнийг хамгаалахын тулд нэрийг нь ийн нууцлав. Тэрээр ӨМӨЗО-ны “Шилийн гол” аймагт нутагтай. Тэнд сургуулиа төгсөж, боловсрол эзэмшсэн нэгэн. Энэ бүсгүй одоо хувийн компанид ажиллаж буй ба ӨМӨЗО-ны сурган хүмүүжлийн тэнхимээс гаргасан дээрх шийдвэрийг ойлгож үл ядан, тэвдэж буй.
Тэднээс урьдчилан санал, хүсэлтийг нь огт авахгүйгээр дээрх шийдвэрийг гаргасан нь гомдлын мөр үлдээх шалтгаан болжээ. Цэцгээ албан ёсны тамга, тэмдэг бүхий шийдвэр гараагүй байгаа тул бидэнд үүнийг өөрчлөх боломж байна хэмээн сэтгэлээ аргадсаар буйгаа бидэнтэй хуваалцав.
ЭЛ ШИЙДВЭРИЙН ЭХЛЭЛ ХААНА БАЙВ?
ӨМӨЗО-ны Түнляо хотын сургуулиудад хятад хэлээр эх хэлний хичээлийг орох шийдвэрийг туршилтаар хэрэгжүүлэх талаар мэдээлэл хоёр сар гаруйн өмнө чих дэлссэн юм. Гэвч удалгүй хоног, өдрийн тоосонд дарагдаад намжсан. Тухайн үед Түнляо хотын сургуулиудын сурагчид, эцэг эхчүүд эл шийдвэрийг хүлээн авч чадахгүй гэдгээ мэдэгдэн, wechat-аар гарын үсэг цуглуулж байсан талаар цахим орчинд төдийгүй Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч цөөнгүй нийтэлж байв.
Гэтэл Түнляо хотын сургуулиудад туршилт гэсэн тодотголтой хэрэгжүүлэхээр зэхэж байсан шийдвэрийг есдүгээр сарын 1-нээс эхлэн ӨМӨЗО-ны бүх сургуулиудад хэрэгжүүлэх тухай наймдугаар сарын 26-нд мэдэгджээ. Эл мэдээллийг хамгийн анх ӨМӨЗО-ны сурган хүмүүжлийн тэнхимийн веб сайтад байршуулжээ.
Үүнд энэ хичээлийн жилээс эхлэн дунд ангийнхан ч мөн адил хятадаар хэл бичгийн хичээл үзэх тухай ч тусгасан байна. Түүнчлэн 2021 оноос улс төр, 2022 оноос түүхийн хичээлийг хятад хэлээр заах аж.
Шинэ хичээлийн жил эхэллээ хэмээн баяр хөөртэй хүлээж байсан сурагчдын жавхааг эл мэдээлэл бут ниргэсэн гэлтэй. Уйлан хайлан сургуулийнхаа гадаа жагсаж буй сурагчдын бичлэг, гарын үсэг зуран эл шийдвэрийг эсэргүүцэж байгаа настан буурлуудын зураг wechat-нд хөвөрсөөр.
Энэ талаар нэгэн өвөрмонгол найз маань “Энгийн иргэдээс эхлээд алдартай хүмүүс хүртэл эл шийдвэрт сэтгэл эмзэглэж байгаагаа мэдэгдсээр байна. Гэхдээ бидний нийтэлсэн зураг, бичлэг холбогдох эзэнгүй устаж байна” хэмээв.
Цэцгээ ч мөн адил зүйл ярив. Түнляо хотын сургуулиудад хятадаар хэл бичгийн хичээл заах шийдвэрийг сөрж, тухайн үед гарын үсэг зурж эсэргүүцсэн хүмүүс рүү захиргааны газраас холбогдон “ахиж ийм зүйл хийхгүй” гэх амлалтын бичиг авчээ.
АЖИЛТАЙГАА ҮЛДМЭЭР БАЙНА УУ? ТЭГВЭЛ...
Улсын байгууллагад ажилладаг хүмүүст “дээрээс” дарамт үзүүлж эхэлжээ. Учир нь эх хэлээ хөсөр хаяхгүй хэмээн бодож, дээрх шийдвэрийг хүлээж авахгүй гэж зориг шулуудсан эцэг эхчүүд есдүгээр сарын 1-нд хүүхдээ сургуульд нь явуулахгүй байхаа мэдэгджээ. Гэтэл ажилладаг албан байгууллагынх нь зүгээс хүүхдүүдээ есдүгээр сарын 1-нд хичээлд нь явуулахгүй бол “ажилтай нь ярина” хэмээн битүүхэн дарамталсан байх аж.
Цэцгээ эмнэлгийн байгууллагад ажилладаг эгчийнхээ тухай ярилаа. Түүний эгчид ч мөн ажлын газраас нь дарамт, шахалт иржээ. Гэсэн хэдий ч тэрээр юу ч болж байсан нэгдүгээр ангид элсэж буй хүүхдээ маргааш сургуульд нь явуулахгүй байхаар шийдэж, хүүхдээ хөдөө гэр рүү нь явуулсан байна. Хэрвээ тухайн эцэг, эх хүүхдээ сургуульд бүртгүүлбэл дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно хэмээн Цэцгээ тайлбарлав. Түүний эгч хүүхдээ бүртгүүлэхээр сургууль дээр нь очиход багш нар нь нулимстай нүдтэй угтан авчээ. Багш нар нь эцэг, эхчүүдэд “Та нар есдүгээр сарын 1-нд хүүхдээ битгий сургуульд нь явуулаарай” хэмээн захижээ.
АМЬДДАА ИЙМ ЗҮЙЛ ҮЗЭХ ГЭЖ. БИ ХЭТ ӨНДӨР НАСЛАА ЮУ?
Монгол хэлийг мохоох шийдвэрийг хамгийн эмзэг хүлээж авсан хүмүүс нь настан буурлууд байв. Үр, ачаа анхны “А” үсгээ хятадаар заалгахыг харах нь тэдний хувьд байж боломгүй санагдах аж. Тиймээс арга сүвэгчлэн өргөдөл бичин, гарын үсгээ зурцгаана. Гэсэн хэдий ч тэдний итгэл өвөрлөн бичсэн өргөдөл холбогдох эзэндээ очсон үгүй нь мэдэгдэхгүй замхарна.
Залуус жагсаал өрнүүлж, үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй байвч заавал захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Халдварт өвчин тархаад буй энэ цагт тэдэнд жагсаал хийх зөвшөөрлийг алга урвуулахтай адил амархан өгнө гэж байхгүй нь лавтай.
Амьддаа ийм зүйл үзэх гэж хэмээн амандаа бувтнан өргөдлийн доор гарын үсгээ зурах өвөө, эмээ нарын итгэлийг дэвслэх тамга, тэмдэг бүхий албан шийдвэр хэзээ гарах эсэх нь тодорхойгүй.
МИНИЙ УТСЫГ ОДОО Ч ЧАГНАЖ БАЙЖ МАГАДГҮЙ...
Цэцгээ wechat-д нээсэн группүүд, нийтэлсэн зураг, бичлэгүүд гэнэт л устаад алга болоод буй тухай яриа дэлгэв. Учир нь дээрх зураг, бичлэг, мэдээлэл солилцох групп нь хятад хэлээр хэл бичгийн хичээл үзэх шийдвэрийг дэмжихгүй байх агуулгатай байсантай холбоотой гэнэ. Би ч үүнд шууд итгэхэд хүрэв. Учир нь Цэцгээгийн над руу илгээсэн арав гаруй минут үргэлжлэх, монгол хэлээр хичээлээ үзэхгүй байхын сөрөг талыг тайлбарласан бичлэг илбэдүүлсэн мэт алга болсон байлаа.
Цэцгээ эхэндээ өөрийн нэрийг нуухыг хүсээгүй юм. Тэр ч байтугай зургаа нийтлүүлсэн ч болно хэмээн зоригтой хэлж байв. Гэсэн хэдий ч ойр, дотнын хүмүүстээ дарамт ирэхээс эмээн нэрээ нууцлуулахыг хүссэнийг энд дурдах нь зүйтэй. Тэрээр надтай ярьж байхдаа “Миний утсыг одоо ч чагнаж байж магадгүй” хэмээсэн нь түүний зүрхэнд айдас хурсныг илтгэх шиг санагдав.
АР МОНГОЛЧУУДААСАА АЛГА ХАВСРАН ГУЙЯ
“Бид хууль зөрчихгүй, ажил хөдөлмөр эрхлэн улсаа хайрласаар ирсэн. Бид хос хэлээр өнөөдрийг хүртэл суралцахдаа асуудал гаргасан удаагүй. Хичээлийн сэдэв, агуулгад өөрчлөлт оруулж болно. Энэ бол нээлттэй. Бид хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ монгол хэлээр хичээл заалгах, эх хэлээрээ сурах эрхэнд минь бүү халдаач гэж хүсэх гэсэн юм. Ар монголчуудаасаа алга хавсран гуйхад бэлэн байна. Бидний төлөө дуу хоолойгоо хүргээч. Эх хэлээ авч үлдэхэд та нарын тус хэрэгтэй байна. Үзэл санаагаа эвтэйхэн илэрхийлж, биднийг дэмжээсэй гэж хүсэж байна. Жагсаал, үймээн бус тайван замаар энэ бүхнийг шийдэхэд таны тус чухал юм шүү” хэмээх нь Цэцгээгийн энэ сэдэвт хэр их сэтгэл нь эмзэглэж байгааг илтгэх шиг.
Тэд эх хэлээ орхиод мордохыг хүсэхгүй байна. Засаг захиргаа, шийдвэр гаргах түвшний хүмүүсийн чихэнд тэдний хүсэл зорилгыг хүргэхийн тулд олон хүний дуу хоолой хэрэгтэй.
Цэцгээ ярианыхаа төгсгөлд маш их баярлалаа хэмээгээд тамга, тэмдэг бүхий шийдвэр гараагүй учир бидэнд өөрчлөх боломж байгаа гэж найдаж байна. Бидний дуу хоолойг сонсохоор зорьж холбогдсонд дахин талархал илэрхийлье. Ар монголчууд бидний ар талд баттай зогсох, нөмөр нөөлөг шиг санагддаг шүү хэмээв.
Эх сурвалж: Gogo.mn