Төрийн үйлчилгээний цахим систем E-Mongolia хөтөлбөрийн талаар мэдээлж байна.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ "Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төрийн бүх үйлчилгээг цахимжуулах талаар тусгасан. Цахим шилжилтийн эхний алхам болгож бид E-Mongolia гэсэн нэгдсэн платформыг гаргаж байна.
Тус платформ нь төрийн үйлчилгээг цахимаар хүргэх зорилготой хэрэгжүүлж буй хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд иргэд төрийн үйлчилгээг апп буюу утсаараа эсвэл цахим хуудсаар дамжуулан авах боломжтой. Өнөөдрийн байдлаар 136 үйлчилгээг нэвтрүүлээд байна. Албан ёсоор ирэх аравдугаар сарын 1-нээс нээнэ.
Ирэх сараас иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг 181 үйлчилгээг цахимаар авах боломжтой болно. Үүнд иргэний үнэмлэх дахиж захиалах, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрийн хаяг баталгаажуулах лавлагаа зэрэг үйлчилгээг авах боломжтой. Аравдугаар сарын 1-нд хэрэгжүүлэх үйлчилгээг цахим шилжилтийн эхний алхам гэж үзэж болно.
Цахимжуулалт дээр бид аюулгүй байдлыг маш анхаарч ажиллаж байна. Цахимжуулалт явуулахад технологийн шийдлээсээ илүү мэдээллийн аюулгүй байдал, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцохдоо иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ маш чухал. Үүн дээр Өгөгдөл хамгаалах хууль, Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах хууль төслийн хэмжээнд яригдаж байна" гэлээ.
ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ ХИЙСНЭЭР ТӨР 9.9 ТЭРБУМ ТӨГРӨГ, ХАРИН ИРГЭД 3.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХЭМНЭХ БОЛОМЖ
Иргэд төрөөс 400 гаруй төрлийн үйлчилгээг авдаг бөгөөд ийнхүү эхний ээлжинд ирэх сард 181 үйлчилгээг цахимжуулах юм. Харин үлдсэнийг нь ирэх ондоо багтаан дуусгана. Төрийн аппликейшнүүд, төрийн вэб сайтаар үзүүлж буй бүх үйлчилгээг E-Mongolia платформд шат дараалалтайгаар нэгтгэнэ гэдгийг тэрбээр хэлсэн юм
Цахим үйлчилгээг хэрэгжүүлэхийн тулд Эстон, Украин, Австрали улсуудтай туршлага судалж хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системийг 21 аймаг 330 сумын Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн үйлчилгээний зургаан төвд нэвтэрүүлээд байгаа бөгөөд 32 мянган иргэн төрийн үйлчилгээг цахимаар авсан байна.
Цахим шилжилт хийгдээгүйн улмаас төсвөөс 166.5 тэрбум төгрөг, иргэдээс 153.4 төгрөгийг жилдээ зарцуулдаг гэсэн тооцоо байгаа аж. Тэгвэл дижитал шилжилт хийснээр төр 9.9 тэрбум төгрөг, харин иргэд 3.7 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэх юм.
e-mongolia.mn цахим хуудас нээгдсэнээс хойш одоогийн байдлаар 29 мянган лавлагаа авчээ.