Өмнөд Солонгос өндөр төлбөртэй ахлах сургуулиудаа татан буулгана

2020-09-01 11:37

Өмнөд Солонгос улс боловсролын системийн тэгш байдлыг сайжруулахын тулд 2025 оны гуравдугаар сар гэхэд өндөр төлбөртэй "элит" ахлах сургуулиудаа татан буулгана гэж мэдэгдлээ.

Тус улсын Боловсролын сайд Ёо Юн Хэ "Бид ахлах сургуулийн ирээдүйн боловсролын системийн үндсийг тавьж, 2025 он гэхэд бие даасан хувийн сургууль, гадаад хэлний болон олон улсын сургуулиудыг ердийн сургууль болгоно. Учир нь боловсролын ялгаатай байдал нь нийгмийн анги, давхаргуудын ялгаатай байдлыг бий болгож байна" гэв.

Эдгээр сургуулиуд нь сурагчдын олон төрлийн хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдсан ч боловсролын ялгаатай байдлыг үүсгэдэг гэж мэргэжилтнүүд үзэж байна. Олны дунд нэр хүндтэй "элит" сургууль төгссөн сурагчид мөн нэр хүндтэй их дээд сургуульд суралцах боломжтой болохоос гадна ирээдүйн ажил, амьдралд нь хүртэл нөлөөлдөг аж.

Хөрөнгөтэй эцэг эхчүүд хүүхдээ хувийн сургуульд сургаснаар сурагч, эцэх эхчүүдийн хооронд өрсөлдөөн бий болж, эдийн засгаас хамааралтай боловсролын ялгаа гарч байгаа бөгөөд хувийн сургуулиудын ашиг орлогыг нэмэгдүүлж буй гэж шүүмжлэгчид үзэж байна.

Өмнөд Солонгос дахь өндөр төлбөртэй дээрх гурван төрлийн ахлах сургуулиуд 2024 он хүртэл тусгай зөвшөөрөл, хэвийн ажиллагаагаа хадгалж, шинээр элсэлт авч болно. Гэхдээ 2025 оны гуравдугаар сараас эхлэн ердийн сургуулиудтай адил элсэлт явуулах ба одоо байгаа нэр, төрөлжсөн сургуулийн хөтөлбөрөө хадгалж үлдэх юм.

Тухайн сургуулиудын төлбөр энгийн сургуулиас 3 дахин өндөр ба эцэг эхчүүд 1,7 дахин их цагийг уг сургуулиудад зарцуулдаг байна. 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар ийм 79 сургуульд нийт сурагчдын 4 хувь нь хамрагддаг байжээ.

Дөрвөн жилийн хугацаанд шинэ системд шилжихийн тулд Өмнөд Солонгосын засгийн газар 2 их наяд воныг /4,8 их наяд төгрөг/ төсөвлөсөн байна.

Эх сурвалж: Yonhap, KoreaHerald

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх